• RSS

Monday, May 17, 2010

Бултах хариу үйлдэлийг ухамсаржуулахуй



Үдлээд одох орчлонг Үүрдийн мэт бодож, Үхэлд биш үрэхэд шунах нь юутай гаслан. SayFrank


Энгийн хэрнээ эгэлгүй нэгэн авъяас амьд бүхнээс хүнд илүү оногдсон. Энэ бол бултах хариу үйлдэл ажгуу.
Эрт үеэсээ үүнийг үйлдэхүй нь амьдралд тунаж үлдэх шалгарал байсан мэт. Бүр тодруулбал Хомо Сапейнсууд булталтынхаа ачаар Хомо ньендарталчууд шиг цагын саалтад үрэгдэж, тавилангын эрхээр бөхөлгүй үлдсэн амуй. Ерөөс энэ булталт гэдгийг нялзаалт гэж ойлгоход ч төвдөхгүй.

Есүсийг хэн загалмайд цовдлоод, ирсэн замаар нь сурсан маанийг нь уншуулаад буцаасан гэхээр хүн төрөлтөн л гэсэн ганцхан хариулт оногддог. Тэд айсан, амиа бодсон, ирээдүйгээ төсөөлсөн, эрх мэдэлээ л хамгаалсан. Энэ их үсрэлт, зоригт үйлдэл, том тэнэгтэлт, тухайлбал булталт нь хүн төрөлхтөнд амлаад байсан диваажинг хэдэн мянган жилээр хойш татсан том ухралт болсон. Магадгүй энэ нь эсрэгээрээ үсрэлт байж, үнэхээр төөрөгдөлөөс аварсан байж болохыг ч би үгүйсгэхгүй. Үнэндээ миний амьдрал Есүс Христтэй хамааралгүйгээр урагшлан туучсаар ахуй. Түүхэнд тэмдэглэгдсэн энэ агуу булталт өөрөө бурууг бусдад нялзаахын агуу тод жишээ болон үлджээ. Тэгэхээр булталт бас амьдралын үндсэн хоёр өнгийг тодорхойлохын сацуу, бүрэлдүүлэх ажгуу.

Будда үзэл сургуулиа олонд түгээж эхлэх болсон шалтгаан ч бас булталтаас хамааралтай байсан мэт сэтгэгдэл төрөхүй доор Гуатама Сиддхартагийн түүхээс цухас өгүүлсү. Манай эрний өмнө 5-р зуунд хан хүү болж мэндэлсэн Сиддхарта Гуатама жам ёсоороо хаант улсын агуу баялгийг өвлөж авсан. Гэсэн ч хан хүү оюунлаг мэдлэг олохоор ордны амьдралыг нэг өдөр орхиж, бясалгалтны олон жилийн эрлийн эцэст Бодь модны дор гэгээрэлд хүрчээ. Түүнийг баялгаа орхиход хүргэсэн шийдвэрлэлтийн эх нь хөгширсөн, ядуу гуйлгачин байсныг эчнээ дурсахад аавынх нь булталт олон зүйлийг хэлж өгөх ажээ.

Булталт гэхээр их олон зүйлийг хамаадуулан өгүүлж болох салаа утгуудыг цэгц нэгтгэж, хэлэх гэсэн санаагаа тодруулахуй. Хүн бүхий л амьдралынхаа туршид өөрт таагүй, хэрэггүй, ашиггүй зүйлсээс зайлсхийж түүнийгээ бусдад тохоон, өөрийгөө хэлтрүүлсээр ирсэн нь түүхийн саалтад тод томруунаар тусч ирсэнийг дээрхи хоёр жишээгээр өнгөлж өгүүлэв.

Өдөр тутмын амьдралдаа өөр өөрийн жишээгээр үүнээс ч олон булталт, нялзаалтуудыг хүн төрөлхтөний тэргүүн туршлагын үндсэн дээр гарган тавьж, дүрслэн харж, танин мэдэж болох ажээ. Өнөөдрийн хэрэгцээгээр ирээдүйд шалбааг үлдээж буй цэвэр усны зохисгүй хэрэглээ. Өөрийн хэнээрхэлээр шалтаглан өнгөрсөнд хар толбо үлдсээсэн Дэлхийн 1,2,3-р дайнууд /3-р дайн өдгөө ч дуусаагүй, ЛАЛ-ын гэгдэг ертөнцөд үргэлжилсээр байна/. Нэг л амьдрах насаа нэмж жаргаах гэсэн шуналын илэрхийлэл Оюу толгой, Таван толгой, Бороо, Асгатын ордууд. Амар хялбарт дулдуйдан харьшсан, цус биш авиа холилдсон төрөлх хэл гэх мэтээр томоосоо эхлээд гудамжинд гарсандаа эцэг эхийгээ буруутгах тэнэмэл бүлгийнхэн, гуйранчилж амьдарч байгаадаа төр засгаа буруутгах нийгмийн олонхи, авсан хахуулиа амьдралын төлөөх тэмцэл гэж нэрийдэх төрийн түшээд зэрэг булталт, нялзаалтын мэргэшсэн нийгэм, нийтлэг өртөөлсөөр өнөөг хүртэл нийгмийн гольдролд түүчээ болон хөврөнө.

Бусдаас бурууг хайлаа гээд өөрөө цэвэршиж, онгон дагшин болохгүйгээс хойш хариу үйлдэлдээ хяналт тавьж, энэ амьдралдаа эзэн болоосой хүмүүс минь. Эргэх цагын саалтад энэ бие тань өөрөөс тань хамаажихуй дор үр удмаар чинь дамжин хорвоогын хөрвөөлт үргэлжлэн хөвөрсөөр байхуй. Энд та бултлаа гэхэд тэнд, ирээдүйд таны хүүхэд бултах аргагүй хүлээн авалтыг өөрийн амьдрал дээр хийх нь гарцаагүй. Энэ цаг үед сайхан байлаа гээд ирэх цаг дор зовлонгоос дутаахгүй байх боломжгүй юм.

Өнөөдрөөрөө сэтгэдэг өрөвдөлтэй бяцхан дэнгийн эрвээхэй битгий бололдоо! Нэг зуны настай өт, хорхой шиг нэг насны амьдралаа 70 жилээр бүү төсөөлөлдөө! Ирээдүй чинь энэ ертөнцөд биш ирэх ертөнцөд дүрс хувилан хүлээж байгааг ухааралдаа! Өнөөдөр бултлаа гээд тойрог замын давталтаас та гараагүй цагт дараагын тэр мөчид таны толгой дээр дахин давхарлаад ирэх тэр нэгэн үйлдэхүйг даана гэдэг дараа гэгдэх удаад даанч хэцүү.

No comments: