• RSS

Wednesday, June 12, 2013

Хийх хүн төлөвлөгөө ярьдаг, хэрэх хүн буруутгал эрдэг.

              Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зохион байгуулагдсан мэтгэлцээнийг сая үзэв. Бүрэн эхээрээ байгаа нь зол завшаан. Товчхон дүгнэлтээ сонгуулийн өдрийг далимдуулан өөрийн цагийн бүсэд илэрхийлье. Зарим нэгний сонголтод нөлөөлөх аваас өршөөх ажааму.



          Би (Ц.Элбэгдорж), Бид (Б.Бат-эрдэнэ), Тэд (Н.Удвал) гурвын яриа тун намуухан өрнөж, тус тусын байр суурийг илэрхийлсээр дуусав. Зарим нэг хүмүүс хувь хүний гэхээсээ хэсэг бүлэг хүний байр суурийг илэрхийлж буй нь үг сонголт, хариулт, санаа давталтаас харагдаж байна.

Мэтгэлцээн гэхээс илүүтэй нээлттэй асуулга, сонордуулга, ярилцлагын нэвтрүүлэг мэт сэтгэгдэл төрөв. Улс төрийн мэтгэлцээний тод жишээ Линкольн & Дугласын мэтгэлцээний хэв маяг үнэртэх битгий хэл ер нь мэтгэлцээн гэдэг үг ч энэ нэвтрүүлэгт тун зохимгүй мэт.

Хийсэн хүн хэлэх үгтэй, бүтээсэн хүн бүрэн мэдлэгтэй гэдгийг маш тодоор энэ ярилцлагаас харж болохоор байлаа. Ер нь хийх хүн төлөвлөгөө ярьдаг, хэрэх хүн буруутгал эрдэг гэдэг.

Улс төрийн ёс зүй, боловсрол, мэдлэг гэж нарийвчлан дүгнэх онолын болоод практик мэдлэг тун дутах тул үл анзааран, мэргэжлийн үүднээс илтгэх ур чадвар, олон нийтийн харилцаа (PR), итгэн үнэмшүүлэх чадвар (сурталчилгаа), тайзны соёл, биеэ авч яваа байдал, үгийн өргөлт, биеийн хэлэмж (body language), нүдэн холбоо (eye contact) гэх зэрэг үнэлэмжүүдэд хамгийн өндөр оноог Ц.Элбэгдорж ерөнхийлөгч өгсөн бол хамгийн муу оноог Н.Удвал нэр дэвшигчид өгөв. Хүний итгэл үнэмшил, хэлж буй үгийн жин даацыг биеийн хэлэмж (body language) -с илүүтэй нүдэн холбоо (eye contact) тодорхойлдог. Харц нь хамгийн их гүйлгэнэж, хаа хамаагүй тэнэж яваа нь Б.Бат-эрдэнэ нэр дэвшигчийн нэр цэвэр, гар цэвэр эсэхэд эргэлзүүлээд зогссонгүй сэтгэл цэвэр гэдэг үг нь хэт хоосон хөөс мэт санагдах авай.

Хувь хүн тус бүрийг дүгнэхийг зорьсонгүй. Энэ нь хувь хүний үнэлэмжээ илэрхийлэхдээ хэт нэг өнцөг барьж, буланд шахсан үйлдэл болох аюултай гэж үзэв.

Нэвтрүүлэг зохион байгуулагч болох МҮОНРТ-н бэлтгэл, мэргэжлийн өндөр ур чадвар тун тааруу байгаа нь хөтлөгчийн хөтлөлт, тайз чимэглэл, найруулга зэргээс маш тодорхой дүгнэж болохуйц. Нэр дэвшигчдийн индэрийг тайзны голд байрлуулан, хөтлөгчдийг үзэгчидтэй хамтаар шийдэж өгсөн бол тайз чимэглэл хийгээд найруулгын маш гоё шийдэл болох байлаа. Мөн түүнчлэн хөтлөгчийн сандрал, үг сонголт, хаалт нээлтийн үг гэх мэтчилэн маш хуурай, болхи хөтлөлт нь энэхүү нэвтрүүлгийн хоёр цагийг тэр чигт нь баллаж, үзэгчийг залхаахад хүргэж байв.

Эцэст нь нэр дэвшигчдийн хэлсэн ярьсан, хийсэн бүтээсэн, хийж бүтээх бүхэн нь энэ хоёр цагт тун ерөнхий 14 асуултанд хариулсанаас үл хамааран харагдаж байна. Тулга тойрсон, буруутгасан, дундаа орж, дутуугаа нөхөх бус бусдаас буруутгал эрсэн зүүний хоёр хүчний голд шинэтгэл, бүтээмж, өөрчлөлт амалсан барууны хүчний төлөөлөл зүрх тархи нь ойрхон байдаг, зөндөө бэлдэж цөөхөн дуугардаг нэг хүн байлаа.


Жич: Энэхүү өгүүлэл бол монгол улсын иргэний хувьд төрийн тэргүүнийг сонгох сонголтод хариуцлагатай хандаж, харамсалтай нь 10000 гаран км-н зайнаас мэдээллийг интернэтээр авч өөрийн цахим орон зайд, цагийн бүсдээ хожуу үзэглэсэн цахим тэмдэглэл гэдгийг харгалзан үзэж элдэв сэдэлтэйгээр зүүний хоёр намын нэр дэвшигч мэт хэт буруутгал эрэхгүй байхыг хичээнгүйлэн хүсье.

No comments: