• RSS

Monday, January 31, 2011

Нэг голын усанд хоёр удаа орж болохгүй

Урсан өнгөрөх цаг хугацаа урсах усан лугаа илэрхийлэх дээрхи өгүүлэмж гайхалтай.  Мөн нэг голын усанд нэг удаа ч орж болохгүй гэж гүнзгийрэх нь бий. Эд зүйлс энэ мэт амьдралын урсгалыг үл анзааран саатан байхуйд хүний амьдрал харваад өнгөрөх од лугаа адил гялс хийх нь орчлонгийн түмэн аниргүйдлийн нэгэн. 


"Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу" хэмээн тунгалаг тамирын хөвөөнөө нэгэн амь эрсдэх агшинд өгүүлэх. Үхсэний хойноос үхдэггүйн адил үхэл өөрөө шинэ оршин амьдралын эх булаг байх ажгуу. Бидний амьдрал нэг л янзаар урсаж, бидний нүдэнд нулимс нэг л янзаар урсдаг хэдий ч бидний агуулга нэг янзаар байх албагүй юм. Хүн өөрийн туулж өнгөрөх хувь заяандаа сонголт хийдэггүй хэдий ч туулж өнгөрөх замаа сонгож авах эрхтэй билээ. Хэн байгаад хэн болох, хэзээ байгаад өдийд үлдэх нь гагцхүү хүсэл тэмүүллээр хэмжигдэх, хүрэх газраар үл хязгаарлагдах бидний хүсэл зориг, хүчин чармайлт байна. Бүхнийг гартаа атгаж чадахгүй ч атгахын төлөө тэмүүлэхэд л хангалттай. Цаг хугацаа урсан өнгөрөх бүртээ бидэнд зовлон гуниг, баяр баяслын аль нэгнийг өгүүлж үлдээн харгуй татуулах ажээ. Тэр зам уртаас урт бөгөөд агуулга дүүрэн байж гэмээнэ сая амьд явсаны хэрэг бүтнэ. Эцэстээ нэг л зорилгод хүрэхээр тэмүүлэн буй бидний амьдралын гагц агуулга л ялгаатай. Хэрхэн хүрэх нь чухал бөгөөс хэзээ хүрэх нь нэн чухал бус ажгуу. Дээр өгүүлэхүйд хэрэв чи одоод агуулгатай амьдарч чадахгүй бол өнгөрсөнд төгсөөд ирээдүйд эхлэх хэрэгтэй мэт. Энэ амьдрал чинь эгнэгт утга төгөлдөр бус аваас эцэс болгоод эхлэх бас нэгэн боломж байдгыг бүү март. Цагийг үрэх хэрэггүй учир нь ус урсдагаараа л урсана. Тунгалаг тамир Эрдэнийн гаслан, Долгорын зовлон, Итгэлтийн бардамналыг агуулан хөөсрөн шуугисаар л ирсэн. Хойч үе түүнийг үл анзааран өөр өөрсдийн зовлон гуниг, баяр бахдал, уй гашуугаар голын урсгалыг түрсээр ахуй. Урсгал үл өөрчлөгдөж чухам үл урсах хүмүүн төрөлхтөн л өөрчлөгдсөөр байхуй.

Цаг цагаараа байдаггүй. Цахилдаг хөхөөрөө үлддэггүй юм билээ. 

1 comment:

Tergela said...

Төгс бус аваас эцэс болгоод дахин эхлэх тухай их таалагдлаа.
Сонирхолтой нийтлэл.