• RSS

Tuesday, March 1, 2011

Амьдрал тэр чигээрээ түүх

    Амьдрал гэгч угтаа түүх, түүх гэгч нь амьдрал бөлгөө. Сэлүүргүй завьтай, залуургүй далавчтай, жолоодлоггүй дугуйтай зам харгуйг үл анзааран хээр талаар салхи татуулан өнгөрөх аз жаргалтай хором мөчүүд юм.


        Бүсгүй хүнийг зүрхээрээ мэдэрсэн удаа цөөхөн. Анх эхийн хэвлийгээс тасарч, энгэрт нь наалдан чаралж ахуйдаа ээжээ гэдэг үгийг хэлж мэдэхгүй ч энэ л хайрын бурхан мэт зүрхээрээ мэдэрсэнсэн. Арай том болсон гэж хэлэгдэх хоёр ой хагастайд орчлонд миний араас ирсэн охин дүүгээ мэдэрсэн санагдана. Жижигхээн улаан тэр нэг эгдүүтэй амьтан. Орон дээр хоёулаа тарвалзаад л ... би ер нь багаасаа дүүгээсээ өндөр байснаа санахгүй юм. Арван жилийн сургуульд ороход л намайг дагаад үсэглээд бас тоо бодоод сурчихсан тэр охин надаас хугас см өндөр л байсан санагдахуй. Гэртээ хоёулханаа үлдээд хамаг тоглоомоо тараачихаад эмээгээ ч анзаарах сөхөөгүй тоглон суусан мөчүүд одоо нэгэнт ахиж тохиолдохгүй гэхээр бид нэг л удаа амьдардаг ертөнцийн жам ёсны баталгаа болох мэт. 

Эмээ маань их сайхан буурай байсан. Одоо дурсах бүрт сэтгэл хөндүүрлэм тийм хайрын охь, эгэл боргилын туйл байж дээ. Би хэзээнээс эмээгээ мэдэрдэг болсоноо санахгүй ч ээж минь намайг эмээд өгсөн мөч, эсвэл ээжээс минь эмээ намайг булааж авсан цаг мөчид л би бүрмөсөн эмээгийн жаал болчихсон байх. Бүр багаасаа л би тэр буурайн гар дээр жинхэнэ монгол хүн болон өсөж өндийж, хүмүүжиж өдий зэрэгт ирсэн нь энэ. Эмээгийн хүүхдүүд яагаачгүй эрт зөнгөр болчих нь бий. Харамсалтай нь хорвоод бид хамт удаан байх зохиолгүй байждээ. Богинохон ч гэсэн хамт өнгөрүүлсэн 11 жил миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг гэж би эргэлзэлгүй хэлэх байна.

Айлын том хүүхэд гэдэг юм бүхэнд анхдагч болохоор би бүхний урд явсаар ирсэн. Одоо ч мөн урд нь явах л үүрэгтэй. Анх сургуульд ороод хамт сууж байсан охиныхоо гарыг хөдөлгөлөө гэж зөндөө зэмлүүлж байж билээ. Харин тэр үеэс томоожиж эхэлсэн юм болов уу. Ахлах ангид орсон жилээсээ олон нийтийн, өөрөө удирдлагын байгууллагуудыг толгойлж нэлээдгүй эрх мэдэлд суурилсан төлөв хүн болсон ч энэ бүх нийгмийн харилцааг их сургуульд эцэс болгож бие хүн болж төлөвших эргэлтгүй аянд мордсон. Анхны ажил минь зах зээлд эзлэх хувь хэмжээ, түүхэн замналаараа томд тооцогдох корпорациудын нэг байсан нь байгууллагын соёл уламжлалтай  танилцаж, бие даасан албан хаагч болж төлөвших өргөн боломж болсон санагддаг.

Эцэст нь эхлэлдээ дурьдсан зүрхээрээ мэдэрсэн цөөхөн бүсгүйчүүдийн нэг зүүд нойрны минь эзэнтэй учирсан цаг мөчүүдийг л өгүүлэх үлдэж. Анх хармагцаа л анхааралгүй өнгөрч чадаагүй түүний гарыг би уулзсан өдөртөө л атгасан юм. Хамт байхад намайг ховсдох мэт өөртөө татдаг түүний минь ялдам инээмсэглэл, намайг нэвт шувт ширтэх дөлгөөхөн харц, харах тутам эгдүү хүрэх булбарай зөөлөн гар, эрхлэн туних энхрий хоолой, базчихмаар санагдаад ер болж өгдөггүй бандгар хөөрхөн хөл, балын амтат ягаахан уруул, бачимдан бас догдлон хүчтэй цохилох түүний минь зүрх энэ бүхнийг би хичнээн их санаж байнаа. Хамт байхдаа мэдрээгүй тэр мэдрэмжүүд харин холдон одоход улам тодорч хачин их ганцаардал дунд хань болон намайг тайтгаруулах юм.

Зүрх минь цохилох тоолондоо хайр лугшиж, зөвхөн түүнийг өөрийнхөө гэж мэдрэх тэр мэдрэмжүүд гайхалтай. Хорвоод би юугаар ч дутаагүй баян хүн. Баян гэдгээ мэдэрч чадсан бардам хүн. Аз жаргалд умбаж яваа амьд организм. Алс хол тэртээд суугаа амраг хонгорынхоо хайртай хүн... Амьдралын энгийн нэг загвар ч гэсэн хичнээн их баяр баясал, аз жаргалыг агуулна вэ?


Өнгөрсөн хором мөч бүр амттай. Урсах амьдралын ухраах мөчүүдэд би(д) жаргалтай байсан

1 comment:

Undecorated Life said...

ёстой сайн бичжээ.