• RSS

Saturday, May 29, 2010

Өр өвдөм

Хүний амьдралд юу эс тохиолдохыг Бурхан хүртэл өөрөө таамаглаагүй байх. Өдөр тутам хийдэг ажил, уулздаг хүмүүсээрээ энэ орчлонг төсөөлөх нь ямар өрөвдөлтэй болохыг монголын нийгэм бидэнд жишээлээд байгаа билээ. Хааяа нэг тулганаасаа өөр зүйлийг тойроод үзчих хэрэгтэй мэт. "Явсан хүнээс үг сонс" гэж нэг сайхан үг байдаг санагдана.

Амьдрал өөрөө өршөөлгүй, хатуу, эрээ цээргүй тоглоомтой гэдгийг тэр тоглоомыг тоглоод үзсэн хүн л ойлгох буй заа. Одоо хүртэл би Дота гэдэг тоглоомыг тоглож үзээгүй болохоор хичнээн их сэтгэлийн таашаал эдлүүлдэгийг нь мэдрээгүй байгаатай адил амьдралын эрээгүй тоглоомын золиосонд хүн арчаагаа яаж алддагыг бас л мэдрээгүй явна. Энэ аз мөн үү гэж өөрөөсөө асуухаас айж байна. Магадгүй нэг л өдөр тэрхүү тоглоомын тойрог над дээр таарч би гэгч нь хүссэн хүсээгүй тоглогч болсон байхыг хэн ч үгүйсгэж үл чадах ажгуу. Би энд нэгэн түүх өгүүлье. Сэтгэлдээ хүртэл хариултыг нь үл олж төсөөлж чадах тэр л мэдрэмжийг надад эгнэгт татлаад орхисон энэ түүхийг та ч бас сонсох эрхтэй.

Өнчин хоёр ихэр охин асрамжын газарт хүмүүжин байх ахуйд дүү нь зүрхний хүнд өвчтэй гэдэг нь нэгэн нартай өдөр тодорхой болно. Эгчийг нь баян айл өргөж авахаар болсон тэр үед эгчийн хувьд нэг шийдвэрт хүрэх нь түүнд тийм ч хэцүү байсангүй. Өөрийнхөө оронд өр зүрхнээсээ хайрладаг дүүгээ өгөөд явуулах түүнд огтхон ч хүнд биш байлаа. Харин тэр баяртайгаар үүнийг хийж чадсан юм. Олон жилийн хойно он жил улирсаар амьдралын харгуйд эгч дүү хоёр нэг зам дээр алхах мөч ирэх агшинд эгч нь хүний гарт амиа алдах дөхөн эзгүй ууланд хаягдсанаар ор сураггүй болно. Эгчийг нь хэн ч хараагүй, хэн ч хайгаад олдохгүй тийм л цаг мөчид харь орноос эх орондоо, эгч дээрээ зорьж ирсэн дүүд өшөө авалтаас өөр сонголт үлдээгүй байх нь түүний амьдралд тохиолдох хар бараан сүүдрүүдийн төгсгөл биш эхлэл байлаа. Өөрт нь амьдрал бэлэглэж, өөрийн хүртэж болох байсан бүхий л аз жаргалыг харамгүй бэлэглэсэн эгчдээ ачлал үзүүлэх гэсэн дүүгийн сэтгэлд хар ус цацах мэт эгчийг нь хөнөөсөн гэгдэх тэр л хүмүүсээс эгчийнхээ өшөөг авахын тулд бүхнийг хийж эхлэнэ. Хамгийн түрүүнд эгчийг нь зовоож, дорд үзэж байсан хүмүүсийг хоосруулна. Мөнгөнөөс өөр зүйл нүдэнд нь харагдахаа байж, хөрөнгөө аривжуулахаас өөр зүйл бодолд нь орж ирэхээ больсон сэтгэл гэх юмгүй хэдэн халтар цаасаар гадарласан харалган дотортоо эрдэж байгаа тэдгээр эрхэмүүд хэрхэн шалдаа бууж, хоосрон туйлдаж байгаа нь түүний гарын үзүүр хөдлөх төдийд л харагдана. Гэвч энэ хангалттай биш байлаа. Эгчийг нь хөнөөсөн алуурчин этгээд эрэлхэг баатарлагаар эцсээ хүртэл тэмцэх, эцэстээ бүр эгчийнх нь араас өөрийг нь нөгөө ертөнцөд хүргэхээр хичээх нь түүнийг улам шаналгах ажээ. Энэ бүхний эцэст эгч дүү хоёр уулзах боломж ахин нэг зурайх хэдий ч тэр агшинд бурхан бас л нүүрээ буруулжээ. Эзгүй буйд тосгоноос эгчийг нь олох тэр ахуйд дүүгийнх нь хууч зүрхний өвчин сэдэрч ухаан алдана. Эгч дүү хоёр нэгэн зэрэг эмнэлэгт ухаангүй хэвтэх агаад эргэж ирсэн эгч нь түрүүлж ухаан орж сэргэхэд дүүгийн бие бүр дордон үхэлд нэг алхам ойртоно. Харин тархиндаа хүнд гэмтэл авч сэргэх ямарч боломжгүй гэгдсэн эгч нь Ш/У-ны түүхэнд биш ерөөс хүн төрөлхтөний амьдралд боломжгүй зүйл үгүй гэдгийг харуулах мэт бүр хөл дээрээ босч, төрүүлсэн охинтойгоо уулзаж, өөрийг нь хөнөөхөөр завдсан, эзгүй ууланд аваачин хаясан хүмүүсийг өршөөн уучилаад энэ хорвоод ирсэн хэрэгээ бүтээх мэт тайван нойрсохоор одох аж. Нөгөө талд үхлүүт хэвтсэн дүүд нь зүрх шилжүүлэн суулгахаас өөр сонголт үлдээгүй байсан тэр ахуйд эгч нь нас барахаасаа өмнө өөрийн зүрхийг нас барсаных нь дараа донор болгохыг хүсэн гэрээслэл үлдээсэн байдаг. Ингээд эгчийн зүрх эгнэгт хайралж байсан дүүгийн цээжинд ахин цохилж шинэ амьдралыг дүүдээ бэлэглээд амар амирлангуйн оронд үүрд одох амуй. Эмнэлэгт болох энэ үйл явдалтай зэрэгцэн арчаагүй амиа, өчүүхэн эд хөрөнгөө хамгаалж асан өрөвдөлтэй бэртэгчингүүд өөрсдийн бурууг хүлээн нүгэл нүдээрээ гарч байдаг. Эцэст нь энэ тэмцэл ялагчгүйгээр өндөрлөхөд бүх зүйл байр байрандаа орж, их шуурганы дараа далай амгалан мэлтийх мэт амьдралын хэмнэл нэгэн хэмээр голдирол дагуу урсах ажээ.

Амьдрал өөрөө асар баялаг санж. Энэ хорвоод 10 гаруйхан жилийг хамт үдээд үлдсэн 20 орчим жилд нь бие биенээ санаж, бэтгэрч, хайж явсаар эцэст нь уулзаж чадалгүй эгнэгт нөгөө ертөнцийг зорих хоёр тавилан ӨР ӨВДӨМ. Эцсээ хүртэл эд хөрөнгө, шунал, төөрөгдөлдөө автсаар эцэст нь хэн ч биш болоод ганцаар үлдэх бэртэгчингүүд ӨР ӨВДӨМ. Ээжийгээ хэн гэдгийг энэ хорвоод ирсээр мэдээгүй яваад эцэст нь ганцхан өдрийг хамт үдээд эцэст нь амирлангуйн оронд үдсэн энхрий бяцхан охин ӨР ӨВДӨМ.

Энэ бүхний эцэст бурууг өөрөөсөө биш бусдаас хайдаг арчаагүй энэ хүн төрөлхтөн өөрөө ӨР ӨВДӨМ.

3 comments:

Олхонууд Д.Лхагвасүрэн said...

Ёооо энэ арай чамд тохиолдоогүй байлгүй дээ, Магадгүй чи зүгээр л уншсан эсвэл зохиосон байх. Ямар ч хэцүү тавилан бэ дэ, гэхдээ гэгээн бас сургамжтай юм.

Бараавоо said...

Өр өвдмөөр

Үлмэдэх said...

"Амьдрал өөрөө асар баялаг санж" энэ хорвоод юу юу болж байгааг бид таашгүй юмда. сайхан бичжээ.