• RSS

Monday, November 8, 2010

Хорвоо дэлхийн бүхий л буруу нэг талд байдаг

      Хүний орчлонд оршин байж, хорвоогийн тоос хөдөлгөнө гэдэг их хувь заяа. Гагцхүү энэ орчлонд хүнээс илүү хувь заяа ноогдох амьд бодьгал үгүй сэн билээ.




Бүхий л муу муухай, буруу бүхэн гагц хүний хүсэл шуналаас үүтгэлтэй гэвэл нэг их хилсдэхгүй болов уу? Илүү ихэд шунан тэмүүлэх хүмүүний хүсэл шуналыг яалтай. Яг үүнчлэн хувь заяа, хорвоо дэлхийгээ ч хүртэл хүсэл шуналдаа зарцуулан худалдах нь олонтаа. Энэ мэт түүх дэлхий даяар түм буман байгаа боловч энэ зохиолд өгүүлэх эгэл өгүүлэмж содон. 

Зохиол И Ван Тох хэмээх хууль бусаар сувд олборлон ашиг хонжоо хайгч усан онгоцны ахмад ээлжит аялалаа хийн Суматрын арлуудаар тэнүүчлэн байхдаа далайн нэгэн буланд орших хүн амьтан ойртохыг жигшин дургүйцдэг аралаас гүрвэлийн төрлийн тожмой луу хэмээх нэгэн амьтан олсоноор эхэлнэ. Ахмадын сургасан тожмой луунууд сувд олборлох ажилд хүчин зүтгэж эхэлнэ. Энэ нь түүнд хямд төсөр аргаар үлэмж хэмжээний ашиг олох боломжийг бүрдүүлдэг. Гэвч тэр ханаж цадахыг мэдэхгүй хүсэл шуналдаа автан шинэ олдвороо тухайн үедээ баян гэгдэх нэгэнд өндөр үнээр худалдахаар очсоноор үйл явдал өрнөх ажгуу. Дэлхий нийтээр тэрхүү тожмой луунд автаж, хямд төсөр ажиллах хүч хэмээн өргөмжлөгдөх цаг мөчид тожмой луунууд хүнээс давах буюу. Эцэс сүүлд нь энэ бүхэн дайнд хүргэж, хүн төрөлхтөн тожмой лууг үржүүлсэнийхээ төлөө тожмой луутай дайтахад хүрдэг. Зохиолын оргил хэсэгт тожмой луунууд профессорын зэрэг хүртэл хамгаалж байгаа нь хүний хүсэл шунал, хачирхалтай сонирхол, мөрөөдөмтгий зан чанарын илрэл гэлтэй. Гэвч хүн төрөлхтөн өөрөө өөртөө л дайсан гэдгийг энэ зохиолын төгсгөл баталдаг. Сэтгэх чадваргүй гар хөл бологсдынхоо ачаар бас нэгэн нь ашиг хонжоо харж, эх дэлхийг сүйрүүлэхэд ч бэлэн байх ажээ. 

Зохиолд өгүүлэх зарим нэг өгүүлэмжүүд сэтгэлгээний хувьд асар өргөн далайцтай мэт. Энэхүү зохиол нь тожмой луугаар төлөөлүүлэн хүмүүний нийгмийн хар барааныг илэрхийлэх ялдамд тэдгээртэй хийх тэмцэл нь угтаа хүн төрөлхтөн өөртэйгөө хийж буй тэмцэлийг илэрхийлжээ. Зохиолчын уран зөгнөл тун удалгүй биелэлээ олж Дэлхийн II-р дайн өрнөж, хүн төрөлхтөн түүхэндээ харуусал гуниг, уй гашуу, хагацал зовлон, өвчин шаналалаар дүүрэн 2 дахь арван жилийг үдсэн билээ.

No comments: