• RSS

Saturday, December 25, 2010

Сэтгэл ханамжаар үл хэмжигдэх тэр нэгэн...

"Бүсгүйчүүд өөрийн ханхүүг олтлоо намгийн бүх мэлхийг үнсдэг"  

       Амьдрал тэр чигээрээ сонголт гэвэл бид өдөр бүр харьцуулалт хийдэг байх нь. Өглөө бүр өмсөх хүрэмээ сонгож ядан толины өмнө удтал эргэлдэхдээ өдрийн цайгаараа идэх хоол, орой ажил тараад уулзах хүмүүсээ ч бас төсөөлөх нь буй. Энэ бүхнээ өөрийн үнэлэмж, үзэмж, хэм хэмжээгээр л хэмжинэ. Минийх гэсэн бүхэнд хүнийх гэсэнтэй өрсөлдөх, харьцуулах зүй тогтол оршин байх нь хорвоогийн жам гэхээсээ хүмүүний ялгарах хүсэл ажээ.
Мөнгөтэй нэг нь өнгөтэй хувцас, өөдтэй ажил, үнэтэй машин, дэгжин бүсгүй дагуулах сонирхолтой байхад, ухаантай нэг нь энэ бүхнээс илүүтэй сонирхолтой амьдрал, сонгодог бүтээл, сайн машин, сайхан бүсгүйг сонгож авах учиртай байна. Гэтэл ихэнхи хэсэгт энэ бүхэн сонин биш бөгөөд өөрөө ч мэдэлгүй өрөөл бусдаас дээгүүрт гарах гэж юм бүхнийг өөнтөглөх агаад тэр нь үнэн хэрэг дээрээ сайн сонголт хийж чадахгүй ядмагхан уцаарлал, яаруу өнгөц дүгнэлтээс хэтрэхгүй байх нь олонтаа. Хүн ерөөсөө л ийм өчүүхэн амьтан бөгөөд амьтанаас ялгаатай нь ярьж чаддагтаа ч бус нэг нэгнээ хайралж буйд л оршин байгаа хэрэг юм. 


       Эрэгтэй эмэгтэй хүмүүс бол яг л нэмэх хасах цэнэг мэт бие биедээ татагддаг бодгалиуд билээ. Тэд хэзээ ч түлхэлцдэггүй бөгөөд үргэлж наалдаж байх тохиолтой мэт. Эсрэг хүйсийн бүх л амьтад биенийхээ төлөө байх хэдий ч хүн амьтанаас ялгаатай нь эрэгтэй нь эмэгтэйнхээ төлөө өөрийн бүхий л хүсэл шуналаа хязгаарлаж чаддагт байна.  Цэргийн албанд олж  сурч чадаагүй эмх цэгц дэг журмаа гэргийнхээ дэргэд бүрэн харуулж, их сургуулийн танхимд ойлгоогүй теоромоо хайртай бүсгүйнхээ өмнө эрдэмтэн профессор мэт эргэлзээгүйгээр тодорхой тайлбарлах залуусыг амьдрал дээр олныг харж болно. Энэ бүхэнд тэд өөрсдөө ч хариулж мэдэхгүй бөгөөд зүрх сэтгэлээс эхлэлтэй оюун ухааны сүр хүч гэж үүнийг хэлнэ. Бид зүрх сэтгэлээ үнэлж дүгнэдэггүй ч оюун ухаанаараа үргэлж тооцоолол хийж байдаг. 

Сэтгэл ханамж бол бидний өдөр бүрийн баяр баясгалангийн эх булаг юм. Өдөр бүр өөртөө сэтгэл хангалуун байж чадсанаар бид амжилтанд хүрдэг. Өөрийн бүхэндээ сэтгэл хангалуун байснаар бид аз жаргалтай амьдралыг бүтээдэг. Дээр өгүүлсэнчлэн өдөр бүрийн сонголт чинь баяр баясгаланг авчирч байх ёстой. Харин сонголт бүртээ хийсэн харьцуулалт чинь сэтгэл ханамжийн баталгаа болно. Гэвч бид нэг л зүйл дээр сонголт хийдэггүй, мөн харьцуулж ч чаддаггүй. Харин тэр зүйл өөрөө чамайг сонгож, чамайг харьцуулж, чамд дээр ирэх болно. Тийм болохоор нэмэх хасах цэнэг таталцаж, зүрх сэтгэлээс эхлэлтэй оюун ухааны сүр хүчин гайхагдаж, оюун ухаан тооцооллоо мартан, мэддэггүй бүхэндээ яг л Ньютон шиг, Эйнштейн шиг, Эдисон шиг нээлт хийцгээдэг. 

Сэтгэл ханамжаар үл хэмжигдэх зүйл бол хайр юм. Хэдийгээр сэтгэлд хүрэхгүй байлаа ч бид хайралсаар байдаг.




4 comments:

DBD Muruudugch said...

uneheer ih taalagdlaa. Unen yum bichjee.

Tergela said...

Гоё төгсгөл байна.

shar deelt said...

Хайранд сонголт гэж байдаггүй, тэр сонгогдсон байдаг гэж хэн нэгэнд хэлж байсан маань санаанд орчлоо.

Symphonic art said...

Хүн бүр гаднах өнгөнд хандсан дүгнэлт хийгээд сэтгэл ханамж, харьцуулалтуудыг хийж байдаг. Тухайн зүйлийн мөн чанарыг мэдэхийг хүсэхээс юун түрүүн өнгөн тал л бүхнийг илэрхийлээд өгчихдөг. Гэвч хүлээц тэвчээртэй эсвэл аз тохиосон зарим хүмүүст тэдгээрийн дотоод чанарыг таних аз таардаг. Мэдээж энэ ертөнцийг арайхийм утгатай орших нөхцлийг бий болгогч нь хайр байх тийм үү...ккк