• RSS

Sunday, November 11, 2012

Сэтгэл ч бас амьсгалдаг

Мэдрэмжээс илүү амтлаг байх, төсөөллөөс илүү шорвог байх боломж үгүй.

      Намуухан хэрнээ анхил үнэр маш сайхан мэдрэмж төрүүлдэг шиг, энгийн хэрнээ даруухан бүхэн сайхан сэтгэгдэл төрүүлэх юм. Хүн ер нь мэдрэмжээрээ амьсгалж, цаддаг юм шиг санагдана. Хэрэв юу ч мэдрэхгүй бол хэзээд цангаж, дутаж явдаг. Хүссэнээ авахдаа бас хэмжээ хязгаараа умартана. Яг л зөгийн баланд хорхойссон баавгай адил.



Хүний сэтгэлийг ёроолгүй ангал гэж төсөөлбөл түүн дээгүүр үл үзэгдэм олон нарийн утаснууд татаастай буй. Бидний өгүүлэхүй, хүртэхүй, төсөөлөхүй, амтлахуй, хүрэлцэхүй зэргээс тэдгээр утаснууд долгилон усны долгион адил хөврөн урсана. Долгион бүр нэгдэн түнэр харанхуй ангалын гүнд түгэн тархаж өөр өөрсдийн өнгөөр гэрэлтэн цацрахуй. Хэдий чинээ хүчтэй мэдэрнэ тэр хэмжээгээр гэрэл цацран гялбаж, цэлмэн гийнэ. Үүнийг догдлол гэвэл хүний сэтгэлийг догдлолгүйгээр төсөөлж боломгүй хар нүх болох нь..

Ерөөс эмтэрдэггүй зүрх сэтгэл үгүй. Харин эмтрэх тэр агшин нь өөрөө бидний сэтгэлд байх үл үзэгдэм олон утасны тасрах агшин ажээ. Тасрах бүртээ маш хүчтэй гэрэл цацруулах тэдгээр утас бүр маш үнэтэй. Учир нь тэдгээргүй бол бид зүгээр л амьд сүг болж хувирах  болно.

Шарх аньдаг. Гэхдээ сорви алга болдоггүй. 
Өвчин эдгэдэг. Гэхдээ өвдөх мэдрэмж арчигддагүй.

Нүдээ аниад юу ч төсөөлж чадахгүй байвал, харц тулгараад юу ч мэдрэхгүй бол, борооны дуслууд юуг ч санагдуулахгүй, бахдам амжилт ямарч сэдэл төрүүлэхгүй бол үнэндээ мэдрэмжээ алдсан биш сэтгэлийн чинь бүх утас тасарсан гэж оношилж болно. Тасарсан утас гэрэл цацраахаа больж харин түүний холбож байсан орон зай холдон одно. Төсөөлдөө хоёр ханан дундах зай хэр ойр байна тэр хэмжээгээр гэрэл илүү тод гэрэлтүүлнэ. Бүхэлдээ хол болбол гэрэл хичнээн хүчтэй тусаад ч түнэр харанхуйг бүхэлд нь тод гэрэлтүүлж чадалгүй сүүмийн бөхөх билээ.

Хүн мэдэрдэг догдолдог болохоор л...




No comments: