• RSS

Tuesday, December 18, 2012

Эхлэл бол бүх зүйлийн төгсгөл

    "Онож хэлэх зүйрлэл олдохгүй бол амаа хамхиад, чимээгүй хоцорсон нь дээр. Илүү үг толгой цусдаж мэднэ."


        Хачин их алсарч бодолд дарагдан суухуй. Тэгснээ ажиг ч үгүй босоод орондоо ормогц гүн нойронд автаж байх шиг... 
Ерөөс төгс зүйл үгүй харин түүнд ойртох гэсэн оролдогууд нь өөрөө төгс юм гэж хаа нэгтээ гарчигласан. Заримдаа хүнд цэцэрхэх гэхээр уншсан мэдсэн гэхээс илүү амьдралын туршлага дутах нь бий. Хурц тод хэллэг, голч санаа, төв үзэл, хэнэггүй зан нийлэхээр нэг их утга агуулга дүүрэн болохгүй хоосон, дэмий яриа болоод өнгөрөх төдий байна. Хүн уншиж мэдэх, үзэж харахаас гадна биеэр туулж өнгөрүүлсэн мөчүүдээсээ асар их ухаарал басхүү мэдрэмж авдаг нь гарцаагүй. Ганцаардал заримдаа хүнд гайхмаар боломж өгдөг гэдэгт би одоо эргэлзэхгүй байна. Гагцхүү хэтрүүлж л болохгүй. Хэт зожиг, хүний нийгмээс хол хөндий болохоосоо л айх нь зүй бизээ. 

Хүн өөрийгөө таньж мэдээгүй бол нийгэмшихгүй харин нийгмийн сүүдэр байсаар насыг барна гэж бодогдоно. Өөрийн бүтээмж, нөлөөц, чадавхи, басхүү өөрөө юу хүсч байгаагаа олж мэдээгүй аваас өөрөө зүтгэх хүч бус бусдад дагалдах дагуул мэт санагдахуй. Сар дэлхийг тойрохдоо бидэнд юу өгч байгааг нэг тунгаахад гэмгүй. Гагц хэрэв би нар болбол гэсэн бодол толгойд эргэлдсээр ахуй.

             "Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал"
                        Эхэлсэн бол дуусга! 

Бодоод бодлоо биелүүлэхгүй бол ямар хэрэг байхсан билээ. Эмгэнэлт явдал бүхэн өөрийгөө захирч чадаагүйд бус сайн сайхны төлөөх бодлоо биелүүлээгүйд л оршиж байдаг.

No comments: