• RSS

Tuesday, January 8, 2013

Хүний үнэр

             "Дайснаа хайралж чадвал тэр жинхэнэ ялалт буюу!"
 Нэгэнтээ
"Бие баатар болбоос нэгэн үеийн баатар

Билэг баатар болбоос түмэн үеийн баатар.
Биеийн бөхөөр нэгийг ялъюу

Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу"  их эзэн Чингэс хаан айлджээ.

          Чоно бол тэнгэрлэг амьтан хэмээн өвгөд айлдах нь бий. Түүнийг ижил тэнгэртэй хүндээ харагдаж, илүү тэнгэртэй хүндээ алагддаг гэж олон түмэн хэлэлцсээр ирсэн нь ч бас оргүй яриа биш юм. Хэзээнээс байгалийн хүнд бэрх, хүний ов хараан дор чоно өсөн үржиж, үр төлөө тэжээсээр 21-р зуунтай золгосон байх. Чоно дэндүү сүрлэг, гайхам тэвчээртэй амьтан. Түүний тухай өвгөдийн хуучилсан олон домог, үлгэр байх хэдий ч саяхан уншсан нэг өгүүллэгээ энд товч өгүүлсү.

Борис Воробьев 
                                                              "Ойн савдаг өлөгчин" 

                  Олон жил чонын ан ав хийж, түүгээрээ ч тосгон даяар алдаршсан анчин Егор чонын сүрэгт хөөгдөн модонд авирч амь гарч байгаа дүрслэлээр зохиол эхэлнэ. Тэрээр удам дамжсан анчин төдийгүй анчны хувьд зөвхөн чоно авлахаар төрсөн гэлтэй гайхам чадварлаг, чонын авир зан төрх, гүйдлийг нэвт мэдэх төдийгүй, чоно шиг ульж өөрийн байгаа газартаа дуудаж авчран агнах нь ч бий.  Өвөг эцэг Тимофей нь чоно тэжээдэг байсан гэх агаад нэг л өдөр тэжээсэн чоноо дагуулан ойд яваад эргэж ирээгүй хэмээн тосгоны хөгшид нь домог мэт өгүүлэлдэх ажээ. 

Егор өөрөө хүнийхээ хувьд хачин зожиг гэмээр боловч дотроо бодолтой, барим тавим барьц алдахгүй тэвчээртэй нэгэн юм. Тэрээр тосгоны залуустай цуг ан ав хийх нь үгүй. Тэдний ангын отогт нэг бус удаа явсан ч тэдний хайнга, хариуцлаггүй байдлаас болж олон ан бүтэлгүйтэж, өдөржин шөнөжин өл хоосон дэмий явах нь залхаахад хүргэсэн биз. Ганцаар хэрэн бэдэрч явсаар байгалийн хуулийг танин мэдэж, суралцсан нь түүнийг чонын ертөнцтэй салшгүй холбосон ажгуу.

Тэдний тосгоноос хойшоо холгүй байрлах намагт чоно үүрээ зассаныг тэдний гүйдэл, мөрөөр нь багцаалан мэдэж, дараа хавар нь бэлтрэгийг нь суйлснаар зохиолын зангилаа эхэлдэг. Чоно  жилд 5-7 бэлтрэг төрүүлэх бөгөөд үүрэнд нь халдсан даруйд нүүр буруулан зугтаж зайлдаг, үр төлөө алдсан ч нэхэл дагал болж тооцоо бодох нь үгүй билээ. Гэтэл  тэр нэгэн өлөгчин чоно Егорт өш зангидан одоо бүр өөрийг нь модонд хөөн гаргачихаад доор нь өөрийн сүрэгтэйгээ хамт шүдээ билүүдэн хүлээж байхуй. Өлөгчин чоно өмнө нь тэжээмэл нохойг нь түүний нүдэн дээр барьсан төдийгүй шөнө гэрийнх нь гадаа нэг бус удаа эргэлдэн, бүр нэгэнтээ Егортой цонхны цаанаас харц тулгарсан удаа бий юм. Ууланд мод бэлтгэхээр явсан түүнийг эхнэр нь тосгоны залуус, ахлагчтай ирж авардаг бөгөөд чононд ээрэгдэн модны оройд өдрийн хагасыг үдсэн тэрээр осгож үхэх шахдаг. Амь аврагдсан Егор өстөн дайсантайгаа тэмцэл хийж эхлэх ба түүний ур ухаан, авьяас чадвар өлөгчин чоныг хавханд оруулахад төдий л хүч шаардаагүй юм. Харин хавханд орсон чоныг алахаар завдахад айн хулгаж зугтах нь битгий хэл өөдөөс нь дайрах бөгөөд овоо тааруулж буудсан чоно гэртээ авчирах хүртэл нь амь тавиагүйд Егор гайхаж хоцорно. Дайснаа алахаар, агнахаар явсан хэдий ч эцсийн амьсгалаа татаагүй өмнө нь тэрийн хэвтэж байгаа чоныг Егор тэжээж эхлэн, гэрийнхээ хажууд байрлах ногооны талбайд үүр засч өгөх нь хүний өрөвч нинжин сэтгэлийн илрэл гэлтэй. 

Тэжээсэн бяруу нэг л өдөр тэрэг эвдэнэ гэдгийг бодон уншигч би бээр тэрхүү чоныг хэзээ цааш харуулахыг хүлээн улам зохиолдоо автсанаа нуулгүй хэлье. Гэвч миний хүслийг хэтэрхий амиа бодсон, араатанлаг хүсэл болохыг батлах гэсэн мэт Егор чоноо цааш харуулаагүйгээр үл барам азарган чоно ирж хээл авхуулаад бэлтрэгүүд төрөх хүртэл нь халамжлан тэжээсээр байлаа. Тосгоны оршин суугчдын хэл ам, хөршийнх нь матаас ч түүнийг зогсоосонгүй. Хөрш нь тэжээж буй чононд нь хор өгсөнөөр өлөгчин чоно хоёрдох удаагаа үхэлтэй нүүр тулна. Харин хэзээ ч гуравдах удаагаа амьдрал тохиохгүй билээ. 

Егор чоно тэжээж эхэлснээсээ хойш ан аваа бүрмөсөн орхисон төдийгүй, дарханы газарт ажиллаж амьдралаа залгуулах болсон билээ. Хүний араншин таамаглашгүй хувьсамтгай. Гагцхүү зөв л гэж бодсон бол чигээрээ зүтгэх хүн байхад буруу зөвийг нь удаан дэнсэлж аажмаар өөрчлөх ч хүн байх. Аль аль тохиолдолд өөрчлөлт хийгдэх нь гарцаагүй бөгөөд гагц цаг хугацааны л ялгаа байх ажгуу. 

"Хүн төрөлхтнөөс өөр араатан үгүй" гэж нэгэнтээ хэлсэнчлэн бид байгаль дээр хамгийн аймшигтай алуурчид юм. Хамгийн аймшигтай нь амьтан зөвхөн амьд үлдэхийн тулд ан ав хийж түүгээрээ голоо зогоодог байхад хүн бах таваа хангах гэж, зугаа цэнгэл болгож ухамсартайгаар яргалал үйлддэг. Түүгээрээ бахархан эд хав болгож, эрээ цээргүй өөгших нь бий. Гэвч байгалийн хууль хэнийг ч тойрч гарахгүй бөгөөд нэг л өдөр усч хүн усандаа үйдэгийн адил хувь тавилан хүлээх буй за. Хамгийн сайхан төгсгөл бол мэдээж аз жаргалтай төгсгөл. Гэвч бүх зүйл хэзээд санаснаар болдоггүйн адил зохиол ч мөн чоныг өөрийн гараар устгаснаар төгсөнө. Гэхдээ хариу авч дайснаа дарсандаа биш гагц нинжин сэтгэлээр энэ нүгэлт хорвоогоос төгсгөж буй хэрэг ажээ.


"Сэтгэл хэзээд дутдаггүй. Гагц сэтгэлийг дэмжин үргэлж услах тэр л зүйл нь ХАЙР ажээ."


1 comment:

Бум said...

Зохиолыг шимтэж, мэдэрч унших хамгийн сайхан тааламж "жаргал" байдаг шиг. Тэгж л уншсан хүний тэмдэглэл байна. Ингэхэд би яагаад ингэж тэмдэглэддэггүй юм бол?