• RSS

Saturday, May 25, 2013

Ялалт ба ололт

Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг.




      Өнгөрсөн бүхэн өнөөдрийн ялалтад хүрэх зам байсан санагдана. Энэ зам салаа, бэлчир ихтэй, даваа нугачаа олонтой. 

Эхээс төрөхдөө л бид амьдрал нэртэй аз жаргалын төлөөх уралдааны замд гардаг юм шиг. Зам зууртаа найз нөхөд хэмээх урамшуулал хүртэж хүрэх замаа дөтлөнө. Нөхөрлөл бол үнэндээ амьдралын хамгийн сайхан ололтуудын нэг бөгөөд биднийг барианд ороход хажууд байх үнэнч дэмжигчид минь билээ.

Яван явсаар уралдааны хамгийн шийдвэрлэх даваанд бид цааш хамтдаа уралдах хань, нөхөрөө сонгох шалгууртай тулна. Хайр, дурлал, үерхэл хэмээх догдлол дүүрэн амсхийлтын цаана гэр бүл хэмээх нүсэр хийгээд урт удаан зам зурайна. Чухам энэ мөч бидний уралдааны хамгийн чухал шат юм. Хэрэв энэ шатыг амжилттай давж гэмээнэ барианд маш ойртох бөгөөд эс давж чадваас шийтгэл болгон асар удаан хүлээлтийг даван туулах хэрэгтэй болно.

Бидний замд асар олон шалгуур ар араасаа дугаарлан хүлээх бөгөөд хэрэв давж эс чадвал ухарч буцах ч хэрэг гарч магад. Яг л торгуулийн зайд шийтгүүлсэн тамирчин мэт бусад нь урагшилж байхад ганцаараа ухрах хэрэгтэй болно. Ухарсан болохоос хасагдсан биш болохоор эргэн урагш тэмүүлэх хүслээ хэзээ ч гээж болохгүй билээ.

Эцэст нь хүрэхэд чи нэг л зүйл ойлгоно. Энэ уралдаан бол бусадтай хийсэн тулаан биш өөртэйгөө хийсэн тэмцэл байсан юм. Хэн нэгний урд ямх зай гишгэн түрүүлэх биш хэнээс ч хамааралгүй өөрийнхөөрөө амьдралаа бүтээх түүх ажээ. 

                                  "Тэмцэж чадсан нь ялдаг, тэмүүлж чадсан нь олдог"


1 comment:

Undecorated Life said...

Ухарсан болохоос хасагдсан биш ... нүдийг нь олоод хэлжээ