• RSS

Thursday, October 10, 2013

Сайн сайханд хязгаар үгүй

Гол мөрөн эцэс төгсгөлгүй урсана. Гольдролоороо хэнээс ч, юунаас ч хамааралгүй зорьсон зүгтээ хэмжээ хязгааргүй тэмүүлнэ. Зогсолтгүй урагшилна. Буцалтгүй зүтгэнэ.  Гол мөрөн...

|•Frank Photography•|

Photo by: Frank  
(|•Frank Photography•|)


       "Тогтоол ус өмхийрдөг" гэж хөгшид сургамжилдаг. Өөрөөр хэлбэл савны хэмжээ их багаас үл хамааран өөрчлөлт шинэчлэлт үгүй бол дотроосоо ялзарч эхэлнэ гэсэн санаа.  Гэвч саван дотор буй бүхнээ сэлгэж үл болно. 

Миний бага байхаас манайх гэртээ талх барьж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Ээж минь талх барих бүртээ  исгэсэн гурилаасаа багахан хэсгийг таслан авч үлдээд дараа өдөр нь түүгээрээ талхаа зуурч, хөөлгөдөгсөн.  Бид түүнийг хөрөнгө гэж нэрлэх бөгөөд хэзээнээс эхэлсэн, анхны хөрөнгийг хэрхэн зуурсан гэдгийг ерөөс мэддэггүй байлаа. Өдөр ирэх бүрт ээжийн барьсан талх амттай болж, зуурсан гурилын хөөлт нь илүү хурдан болдог байв. Нэгэнтээ дүү бид хоёр ээжийн эзгүйд талх барих болж, хөөлгөсөн гурилаасаа хөрөнгө тасалж авч үлдэхээ мартаад бүгдийг шарах шүүгээнд хийсэн хойноо гэнэт санасан авч оройтсон байлаа. Орой ажлаасаа ээж ирээд, бидний тарьсан хэргийг зэмлээгүй авч маргааш нь шинээр зуурсан гурилын хөрөнгө өдөр бүр дүү бид хоёрт зэмлэл хүртээх мэт амт муутай байсан юм. Өмнөх олон сарын туршид амталж ирсэн тэр амт хэсэгтээ үгүйлэгдэж билээ.

Би нэгэнтээ хүний нас яагаад тэгээс эхэлдэг талаар бодож, яагаад 100-с эхлээд уруудаж болдоггүй талаар гайхаж билээ. Нарийн ажиглавал ертөнцийн бүх зүйл тоонд шилжихдээ тэгээс эхэлж байв. Тэд бүгд төгсөх цэг нь тодорхой биш бөгөөд өгсөх тутам нэмэгдэнэ. Нөгөө талаас харвал эхлэх цэг нь тодорхой боловч хоосон, эцсийн цэг нь тодорхой бус боловч хоосон бус. Хүний нас нэг оронтой тооноос хоёр оронтой тоонд шилжиж, зарим тохиолдолд бүр гурван оронтой тооны босгыг хол давах нь бий. Тоо өгсөх тутам тооны ард чанар баримтлагдаж байгааг ч төвөггүй олж мэдэв. Нэг оронтой тоонд насалсан хүн үр удам үлдээх чадваргүй байх. Өтлөх тутам улам ухаан сууж,  уулзаж туулсан бүхэн нь эцэстээ өгөх л гэж авч байсан нь чухам ийм аж.

Залуус зугаа цэнгэл хөөж, амьдралын амт шимийг хүртэж байх зуур хөгшид маань уншиж, буян үйлдэхийг эрмэлзэн, өгөх хэрэгтэй гэдгийг сургамжилна. Манай байрны эзэгтэй 90 насны босго даван үр ач зээгээ үзэж, туулж өнгөрүүлсэн амьдралаа хуучлан суухуй. Нөхөр нь 10 гаран жилийн өмнө бие барсан аж. Хүнд байж болох сайхан зангийн хамгийн өндөр хэсгийг би энэ хүнээс л олж харахдаа догдлохгүй байж чадаагүй юм. Харь оронд сурч, хэрэндээ амьдралын олон өнгөнөөс хүч хүрэхээрээ будагдах гэж чармайх надад элэгсэг дотно, энэрэнгүй сайхан хандаж, өөрийн хүүгээс өөрцгүй хандахдаа хариуд нь юу ч нэхээгүй билээ. Энд би орой бүр намайг ажлаасаа ирэхэд үүдний ширээн дээр байдаг шөл, бялууны хэрчмийг өгүүлсэнгүй. Ажил олж амжаагүй, авчирсан хэдэн төгрөгөө бараад, байрны хөлсөө өгч чадахгүй байхад минь банкны төлбөрөө барагдуулаарай гэж надаас илүүтэй миний санхүүд санаа тавьж өгсөн тэр мөнгийг бас дурьдсангүй. Зөвхөн хүний хайлан хэмээн ээжийн минь хэлдэгчлэн, сайн сайхан бүхний дүр төрх болсон настан буурайг л өгүүлэх гэж үгээ барж сууна.  Эмээг минь санагдуулах энэ буурайг харах бүртээ өөртөө "Чи мундаг байх ёстой биш, чи сайн хүн байх ёстой" гэж хэлдэг.


Талх амтаа бараагүй өглөө бүр, цагийн зүү 24-с уруудаж тоологдоогүй байхад, хүний хайлан болсон хөгшид минь үгүй болоогүй ертөнцөд би(д) аж төрж байгаа цагт сайн сайханд хэзээ ч хязгаар үгүй...


1 comment:

Galzuudleo said...

гэрийн талх гоё шүү, сайн хүнтэй сайн л хүн таардаг юм даа