• RSS

Monday, November 18, 2013

Хувьсал бол хувьсгал биш

Алдаж гээсэн цаг хугацааг эргүүлж олох, нөхөж гүйцэх гэж зүтгэхээс илүүтэй ахин алдаж гээхгүй байхад л болох мэт..

|•Frank Photography•|
Photo by: Frank  
(|•Frank Photography•|)



         Яриа хаанаас эхэлсэн нь төгсгөл хэсэгт ямарч хамаагүй болох нь бий. Эхлэх шалтаг л хэрэгтэй байсан хэрэг. Яг л "Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ" гэх хэлц мэт юм. Энд би шал өөр зүйлсийн тухай өгүүлэх гэж товчлуураа товшиж эхэлсэн хэдий ч мөн л өөрийнхөөрөө цэцэрхэж байгааг уншигч авхай та анзаарч буй бизээ. Өмнөх бичвэрүүд бүгд нэгэн ижил цэцэрхэл байсан гэж би зоригтойгоор өөрийгөө энд өнөөдөр буруутгаж энэ хүүрнэлээ өгүүлье.

Цаг хугацаа урсан өнгөрөх тутам хүн хэрэв тэнэг л биш бол хувьсах нь гарцаагүй юм. Би ч мөн адил хувьсан өөрчлөгдөж бусдын адил зовлонгоос дөлж, жаргал бараадан өдөр хоног элээж буй бодьгал. Унших дуртай, уншихаас илүү чалчих дуртай л нэгэн. Учир нь чалчих нь уншихаас илүү залхуугүй. Яагаад залхуу хүн гэдгээ илэрхийлж байгаагаа залруулж хэлэхэд өнгөрсөн саруудад эхлүүлээд өнөөдөр дуусгаагүй байгаа бичлэгүүд ноорог хавтаст минь нэлээдгүй байна. Тэдгээрийг дуусгах гэж өөрийн онгод, билэг суу хүлээж суувал магад энэ жил дуусах төдийгүй ирэх жил ч мөн нэгэн адил урсан одох бизээ. Иймд бичлэгийн агуулга, хэв загвараа өөрчлөн зөн чанараасаа илүү мөн чанараар бодролоо хөврүүлэх шийдвэрт хүрсэн юм. Ахуй өөрөө тэр чигээрээ онол, номлол болохоор хоосон цэцэрхэлээр хэн нэгнийг ахуйд түлхэхийн оронд бодит ахуйд уулзсан учрал тохиолоо хуваалцаж байхаар зориглов.

Шийдвэр бүр шинэчлэл авчрах албагүй. Үүнтэй нэгэн адил хувьсал, өөрчлөлт нь өөрөө хувьсгал биш. Шинэчлэл үргэлж цаг хугацааны хүлээсэнд байдаг юм биш. Шийдэж зорьсон зүтгэлд орших ажээ.

Өнөөдөр би хоосон цэцэрхэлээсээ ахуйд арай дөхөх өөрчлөлтийг өөрийн бодрол бичвэртээ хийж эхэллээ. Нэгэнтээ уншсан Күнз-н “Их битгий хий, бага битгий хий, өдөр болгон хий” намайг урагш хүчтэй түлхсэн юм. Тиймээс би өөртөө хувьсгал хийгээгүй, өрөөндөө зугаацаж цагийг үрээгүй, өөрийн хүссэнээрээ л урагш өдөр бүр тэмүүлэхээр хувьсав. 

Хүн бүрт их бага асуудал өдөр бүрт тохиолддог. Энэ цаг мөчид миний асуудал гэхээс илүү миний дотны андын асуудал санааг минь зовоож буй тул түүнд илүү их анхаарлаа хандуулж, хэр чинээгээрээ зөвлөхийг хичээхүй. Нэгэн цагт миний нүүр тулж явсан асуудал яг түүнд хэд дахин хүндэрч ирсэн байх. Хайр дурлалаас илүү гэр бүл, хүүхдийн асуудалд хүн үнэхээр хүчин мөхстөх ажээ.

Төгсгөлийн оронд уншигч авхай нартаа талархал тахимдахын сацуу, та бүхний мэлмийг үргэлж мялааж, оюуныг умдаалж байхын төлөө монгол хэлний яруу баялаг үгийн санг харамгүй шүүрдэхээр хичээх болно.

Эхлэлээс эхлээд төгсгөл хүртэлээ би хувьсан өөрчлөгдөж байна. Гэвч хаана эхэлсэнээ үргэлж санана.
                                            Тэртээ ДИВААЖИНД...



2 comments:

Бум said...

Сайхан эхлэл. Угт нь тулгавал бүр ч сайхан болно. Өдөр бүр хий. Хувьсгал хийхийн оронд хувьсаж чадвал мөн ч их олз доо. Зөв шүү хө. Сайхан мэдрэмж амиллаа

Undecorated Life said...

Маш их таалагдлаа.