• RSS

Wednesday, April 7, 2010

Тэнгэрт нисмээр, тэнгист шумбамаар, орон зайд оршимоор...

Нар дээр хөөрч, нарлаг монгол оронд бас нэгэн өглөө айсуй. Эмээ эртлэн босч галын тушаа, тулган дээр цай үйнэ. Аав хойморт суугаад өөрийн бичгийн ширээг цэгцлэн, бичиг баримтаа цүнхэндээ хийх зуур ээж үүдээр орж ирлээ. Хаалга сэвхийн нээгдэх агшинд зуны халуун бүгчим бөгөөд цэвэр агаар гэр дүүрэн ханхийтэл орж ирэх нь сэтгэл сэргээнэ. Нүдээ нухлан нойрмоглосоор өндийх ахуйд ээж минь хажууд ирж суугаад "Миний муухай хүүхэд" гээд энхрий гараараа намайг тэврэн авч духыг минь шовхийтэл үнсэхэд "Энэ биеэрээ би ээж аавдаа бэлэг болж ирсэн юм" гэдгийг юу юунаас ч илүү мэдрүүлэх мэт энэ л үнсэлт одоо ч гэсэн өглөө бүр давтагдсаар байгаа. Эмээ минь тулганы захаас өндийн аавын аяганаас эхлэн бүх аяганд цай дүүргэх зуур би үүдэнд байрлах тосгуурт нүүр гараа угаагаад, цайны ширээнд аавынхаа хажууд суудагсан. Цайлж дуусаад аав ээж хоёрыг ажилдаа явсаны дараагаар би эмээтэйгээ үлдээд жаран чавганцын ажлыг хийж эхэлдэг байсан тэр л сайхан мөчүүд зүрхэнд минь хурган үлдэж...

Одоо хайртай эмээ минь хажууд алга. Тэртээ хол тэнгэрийн оронд дүүлэн нисээд явчихсан. Хайгаад ч, эрээд ч хэрэггүй, хамтдаа байх ямарч боломжгүй тэр л алс газраас намайг ширтэн, бүдэрхэд өмнөөс минь халаглаж, бүлээрч хоноход өмнөөс минь өвдөх нь холгүй байдаг тэр л сэтгэлээ миний төлөө чилээн байгааг би мэдэрдэг. Өөрөөсөө илүү намайг хайралж, хорвоод анх чарлахад минь хагартлаа баярласан тэр буурал өнөөдөр ч гэсэн миний зүрхэнд амьд хэвээр, гүн ховдлуудын нэгэнд өөрийн гэсэн орон зайг үүсгэн амьдарсаар ахуй.

"Ижийтэйгээ байхад би баян байсан... Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон Гэхдээ... Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон Ижийтэйгээ байхад би баян байсан"

Борис Пловей-н "Ёстой хүний тухай тууж" -д өгүүлдэгчлэн хүний сэтгэл өөрөө гайхалтай агуу , уудам, хүчтэй боловч сэтгэлээ нээлцэх тэр л орон зай ертөнц байхгүй бол хүн хүнээрээ үлдэхэд тун хэцүү юм. Гэвч хүн ганцаар байх ахуйдаа өөрөө өөрийгөө илүү мэдэрч, хүч чадалаа хуваарилж, өршөөлгүй, бохир заваан энэ нийгэмд хэрхэн амьдрах арга ухаанаа олдог гэдгийг Александр Дюма-н "Монте Кристо гүн" зохиолд Эдмон Дантес тодоор харуулсан байдаг. Магадгүй бид сармагчин төрлөөсөө салахын тулд олуулаа байж, нийгэм гээчийг бүрдүүлсэн байж болох. Эгээ л нөгөө Платоны "Төр улс" зохиолд гардаг утопи /огт байхгүй төгс нийгэмтэй улс/ шиг цөөн xэмжээний үндсэн xуультай, өмгөөлөгч байxгүй, дайн бараг байдаггүй, ядуу гуйлгачид байxгүй, шашиний ялгаа байxгүй, өөрийн гэсэн өмч xөрөнгө байxгүй ба xориотой, бүгд улсынxаа төлөө зүтгэдэг, мөнгө үнэ цэнэгүй, бүгд xэрэгцээнийxээ xирээр л авдаг, нэг өдөрт 6 цаг ажилдаг бөгөөд бусад үед нь урлаг, шинжлэx уxаанд зориулж цагаа өнгөрөөдөг, удирдагч нар нь маш бага боловсролтойгоор xүмүүждэг гэх зэргээр төгсөрлийн дээд хэм хэмжээнд хүрсэн байх ахуйд нийгэм өөрөө суунги, зууранги, царцанги байдалд орох нь гарцаагүй боловч тэгшрэл гэдэг зүйл хүч түрэн орж ирэхээр атаа жөтөө, зовлон зүдгүүр, анги давхаргын ялгаа алга болчих мэт санагдахуй. Гэвч энд зорилго нь явцуу, зорих зам нь хэт богино болохоор бидэнд нэг их хийгээд байх зүйл байхгүй болж таарна. Явцуурал өөрөө оюуны царааг хүлж, хүний хөгжлийг боомилдог нь адгуусан шинж давамгайлахад хүргэнэ.
"Хүн гэмээ мэдэхгүй Тэмээ гэдгэрээ мэдэхгүй."

Эмээтэйгээ амьдарч байсан ахуй цаг яг л дээр өгүүлсэнчлэн коммунист нийгмээс салж ядан зууралдаж, овсгоотой нэг нь аль хэдийнээ төр улсаас тасран хувийн эрх ашиг, өнгө мөнгөний шуналаа хөөж, анд нөхдөө ч зарж явсан ардчилсан хувьсгалын мөчүүд байлаа. Ардчилал монгол оронд их олон зүйл авч ирсэн шигээ маш олон зүйл аваад явжээ. Сэтгэлийн хөөрлөө барьж асуудалд ухаалгаар хандах цаг мөч байхад, үүрнээсээ мултарсан шувуухай хэт их баярласандаа цонх мөргөн унах мэт зан гаргаж, эх түүх, эрхэм үнэт баялаг болсон хэл соёлоо уландаа гишгэж, хэт аялдан дагаж, хэтийдсэн их шуналдаа улайран дайрсан нь өнөөдөр 07-01 гэж дурсах олон өдрүүдийг бидэнд авчирсан мэт. Хүний мөс зан чанарын тухайд эмээ минь үргэлж "Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, Мууг дагавал могойн хорлол" гэж хэлдэгсэн. Өнөөдөр миний өмнө яг л тийм сонголтууд ар араасаа л цуварсаар байгааг би алхам тутамдаа хар толгойгоо шаан байж ухаарах нь харамсалтай. Магадгүй хүний мөс чанар тэгтлээ муудсан энэ үед сайныг нь олж чадахгүй, харахгүй байгаа миний буруу байх. "Бурууг бусдаас бус харин өөрөөсөө эхэлж хайх" тухай монгол түмний өнөд дуурсах агуу цэцэн санааг бас л эмээ минь надад гэрээслэн үлдээсэн юм.

"Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил"


Хүний зан байдлын тухай олон зүйрлэлийг хэлж чадах ч гэлээ дээр өгүүлсэн монгол ардын зүйр цэцэн үг товч бөгөөд гайхалтай уран дүрсэлсэн мэт санагдана. "Хүн өөрөө хүний дайтай явж байж, сайн хүнтэй нөхөрлөж сайхан амьдарна" гэсэн эмээгийн үгс одоо ч чихэнд минь тодхон сонсогдсоор... Греклит хэлэхдээ "Нэг голын усанд хоёр удаа орж болохгүй" хэмээсэнчлэн энэ орчлонд бид 2 удаа амьдрахгүйгээ ухамсарлаж, энэ насны амьдралаараа үнэ цэнийг бүтээх хэрэгтэй мэт. Хэрэв би ... би биш байсан бол миний гэх орон зайд өөр нэгэн орон зай оршин ахуй л хамгаас үнэн. Гэхдээ орон зайг орон зай нөхдөггүй харин орон зайд өөр орон зай оршин байх боломжтой ажгуу.

Би бодож байна. Хэнээс ч хараат биш хамааралт ертөнцийн хамааралгүй оюуны цариг орон зай өөрөө оршин байхын минь мөн чанар юм болов уу? Хэнтэй ч хэлэлцэхгүй үгсээ, хэнээр ч заалгалгүйгээр
Revue - Бодол ухаарлын Аниргүй орон зай
Purport - Бодит амьдралын Гүнзгий орон зай
Phileothoughts - Бодролын ертөнцийн Хоосон орон зай
эдгээр орон зайд би өгүүлнэм. Энд л би тэнгэрт дүүлэн нисч, тэнгист шумбан умбаж, оюуны гүн хөх орон зайд оршин амьдарч Хүний гараар бүтээгүй хөшөө дурсгалаа босгож сууна.

Тэнгэрт түмэнтээ одод түгэн, эх орон, эх дэлхийд минь шөнө айлчлан ирнэ. Зуны аагим халуун үдэш хаяагаа шуусан бор гэрийн баруун орон тушаа лааны гэрэлд бөгтийн нэгэн хүмүүн суугаад үл мэдэг аяархан үлгэр хүүрнэнэ. Ахуй амьдралд минь тод зурайх, аялгуу сайхан монгол хэлээр орчлонгийн шударга үнэний охь манлайг хүүрнэл өгүүллийн уран яруу эгшигээр миний бяцхан оюунд хүргэх тэр ахуй, амьдралын минь хамгийн аз жаргалтай үес өнгөрөх нь таашаалтай. Сэтгэл юугаан баясган, сэрж эгээрэх хорвоогийн цаг мөчийг өнгөрөөж, сэтгэлдээ мөнхөрөх зүүдний ертөнцдөө умбахаар би давсандаа явна. Чимээгүй болоод үнэгчлээд эхлэх ахуй маань эмээгийн хувьд юу юунаас ч илүү баяр баясал, аз жаргалын охь манлай байсан буйзаа.

"Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ"

4 comments:

Үлмэдэх said...

бүх зүйлс хувиралд оршдог,
Шинэ орон зай шинэ нийтлэл гайхалтай, үргэлжлүүлэн уншиж байх болноо.

Gansukh B said...

Бичсэн дурсамж, сургааль, бичгийн хэлбэр, үгийг баялаг, эх хэлний найруулгаас түрүү үеийн сайхан буурай нарын дэргэд өссөн тань мэдрэгдэж байна аа :) Сайхан нийтлэл болжээ. Анхны сэтгэгдлийг үлдээж амжсангүй :D

Бодролын ертөнцийн Хоосон орон зайгаар аялахдаа таатай байх болно. Аялалд авч гарч байгаарай :)

Admin said...

Тэнгэртээ очсон Ачтан буурлуудыг минь бодогдуулсан сайхан нийтлэл болжээ. баярлалаа.

Зулаа said...

сүүлийн 2 орон зайгаар нь орох дуртай шүү. эхнийхийг нь байдгийг нь мэдээчгүй явсан байна :]

Гүрбазарын энэ шүлэг яг өөрөө уншиж байхдаа аймар гоё.. нэг л сэтгэлд хүрсэн