• RSS

Sunday, April 18, 2010

Ямх зай, Чимх ухаан, Яруу жиргээ



Нэг удаа надаас найз минь "Энэ "Twitter" гэж өдрийн тэмдэглэл юм уу?" гэж асууж байсан нь энэ мөчид тодхон санагдаж байна. Хариулт нь "Цахим бодролын ертөнц" гэсэн удаатай. Би энэ боддог, бодогдуулдаг ертөнцөд айлчлан ирээд 6 сарыг ардаа үдсэний эцэст энэхүү нийтлэлийг хөврүүлэн сууна.
Өдгөө 105 сая хэрэглэгчтэй хэмээгдсэн "Microblog" гэх тодотголтой блогчдын хамгийн алдартай цахим хуудас хэрэглэгчдийн 60 хувь нь АНУ-аас өөр орны хэрэглэгчид байдаг ажээ. "Twitter" -ийн албан ёсны сайтыг зургаан хэл дээр хэрэглэх боломжтой бөгөөд испани, франц, итали, герман гэсэн дөрвөн хэлний сонголтыг өнгөрөгч оны сүүлээр суурилуулсан ба 2008 онд япон хэлний сонголттой болжээ. 140 тэмдэгтэд багтаан өөрийн тухайн агшиныг өрөөл бусадтай хуваалцах тэр л боломж "Twitter" -т бий. Дууны хурднаас ч хурдан, Швейцарийн банкнаас ч найдвартай, Дубайн цамхагаас ч өндөр үзүүлэлтэй энэ л цахим ертөнцөд бид нэгнээ дагуулж бас нөгөөгөө дагдаг. Дагаад, дагуулаад явах тэр мэдрэмж өөрөө гоё. Өөдрөг үзэлтэй шинийг эрэлхийлэгч хүмүүсийг дагаж өөртөө ахадсан дэврүүн сэтгэлээр амьдралыг өнгөтэй талаас нь харна. Өрөвдөж хайрлуулахыг хүссэн, зовлон шаналалд автсан нэгнийг дагаж өнгөт орчлонгийн өнгөгүй талд хамтдаа зорчино. Хамтдаа уйлж, хамтдаа дуулж, хамтдаа бүтээсээр дэлхий өөрөө хил хязгааргүй, цаг хугацаа гэж үгүй мэт санагдах ахуйд миний ширтэн буй цэнхэр дэлгэц хорвоог харах цонх болж, хурууны минь үзүүрт товшигдох 104 товчлуураар би энэ ертөнцийг удирдана.
Ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн охь манлайг эрх, эрх чөлөө хэмээн тодорхойлдог. Бусдын эрхээр миний эрх хязгаарлагддаг нь хорвоогийн жам гэхээс илүү амьдралын туршлага гэлтэй. "Twitter" ертөнцийн хамгийн гайхалтай боломж нь та эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдрэхэд оршино. Магадгүй энэ таны үнэ цэнийг тод томруун харуулах биз ээ. Хэрэв та хүсвэл хэн нэгнийг дагаж /Following/ болно. Бас мэдээж дагуулж /Followers/ болно. Хэн нэгнийг дагуулахыг хүсэхгүй бол хаалт /block/ хийж болно. Мөн мэдээж хэн нэгнийг дагахыг хүсэхгүй бол дагахаа больж /Unfollow/ болно. Тиймээ энд л эрх чөлөө оршиж, хэн нь хэн бэ гэдгийг хэний ч зааварчилгаагүйгээр ил цагаанаар тодорхойлно.
Бид "Twitter" -г монгол хэлнээ "Жиргээ" хэмээн буулгаж жиргээчдийн гэсэн тодотголтой олон зүйлсийг өнгөрсөн хагас жилийн дотор бүтээж амжжээ. Монголын жиргээчдийн анхдугаар уулзалт 2010-02-19 өдөр "Монголын жиргээчдийн клуб" -ийн санаачлагаар зохион байгуулагдсанаас хойш олон олон уулзалтууд ар араасаа хөвөрсөөр байгаа. Өнөөдөр жиргээчдийн гэх тодотголтой клуб, цахим хуудас, радио нэвтрүүлэг, гитарын клуб, дугуйлан, сонирхолын бүлэгүүд, даваа гарагын эх хэлний өдөр гэх мэтээр олон үйл ажиллагаануудыг өдгөө бид хамтдаа зохион байгуулсаар...

Харин би хаанаас эхэлчихвээ? Хэзээнээс жиргэдэг болсон бэ? Хэнийг дагуулдаг вэ? Хэнийг дагадаг вэ? Жиргэж эхэлсээр би юу бүтээв? гэдэг асуултууд 4000 удаагаа жиргэсэн тэр ахуйд дүгнэгдсэн.
Анх би энэ жиргэдэг ертөнцөд 2009-10-16 өдөр хөл тавьсанаас хойш 4000 удаа жиргэж, 100 орчим хүнийг дагаж, 200 гаран хүнийг дагуулжээ. Өнгөрсөн 6 сар богинохон боловч дурсамж дүүрэн өнгөрсөн мөчүүд байлаа. 2010-02-01 өдөр Эх хэл -ний өдрийг санаачилсан, 2010-03-17 өдөр #drinkers уулзалтийг санаачлан, анхдугаар уулзалт 2010-03-26 өдөр 16 #drinkers , буюу 16 жиргээчдийн хамтаар гайхалтай болж өнгөрсөн. Дараагийн уулзалт 2010-04-02 өдөр 20 #drinkers Нисванисийн 14 жилийн ойд зориулсан "Их завсарлага" тоглолт үзсэнээр эхэлж бас үргэлжлүүлээд мэдээж уусан :-P . Гэхдээ бид зөвхөн ус уудаг гэдгийг бидний урианаас харж болно. Мэдээж хүн бүр ус уудаг болохоор, уудаг хүн бүр бидэнтэй цахим орон зайд энд болон амьдрал дээр бас ирж хамтдаа уулзаж, хамтдаа хөгжилдөж болно. Энэ мэтээр олон олон гайхалтай дурсамж, дурдатгал, мөн олон найз нөхөдтэй болжээ би жиргэдэг ертөнцөд. Цаашид ч бас хил хязгааргүй энэ орон зайд их зүйлсийг бүтээх нь гарцаагүй.
Би зүгээр л бодож байна. Бидэнд одоо үнэхээр YIM, Weblog, Mail, Phone хэрэгтэй гэж үү? Бид одоо зүгээр л жиргэхэд болох бус уу? гэж... Цаг хугацаа, орон зайд үл баригдан өөрийн агшинаа илэрхийлж болох энэ жиргэдэг орон зай бидэнд сайхан дурсамж, маш олон нөхөд, амьдралын агшин бүрийн тэмдэглэлийг авч ирнэ. Хүн амьдралын замналаа хором мөч бүрээр хадгалж авч, агшин бүрээ мөнхжүүлэн, баримтжуулан авч үлддэг бил үү? Та өдөр бүр хийсэн бүтээснээ "Өдрийн тэмдэглэл" -дээ багтааж чадах уу? Харин над шиг өдрийн тэмдэглэл бичдэггүй хүмүүс яах билээ? Энд би өнгөрсөн 3200 жиргээгээ уншаад гайхсан шиг тэр л мэдрэмжийг өгүүлэхийг хүсч байна. Мөч бүрт болсон тухайн агшиний тухай мэдээлэл намайг ямар ихээр гайхшруулав аа?

"Gaihaltai kanyny gaihaltai hugjim egshiglej bhad bi jirgej suuna. Ene uneheer gaihaltai medremj... 8:10 PM Mar 5th via Snaptu "


Энэ мэтээр би амьдралын агшин бүрээ тэмдэглэх мэт... Магадгүй Жиргэсэнээр надад олдож байгаа хамгийн том боломж энэ мэт надад санагдлаа. Би өөрийгөө өнгөрсөнөөс олоход Жиргээ надад тусалж байна. Энэ л гайхамшигтай. Энд л үнэн орших мэт.

Эцэст нь энэ бичлэгийг уншиж буй таньд нэг л зүйл зөвлөе. Та хэрэв "Twitter" гэж мэдэхгүй, сонсоогүй дуулаагүй бол яг одоо дууллаа, бас сонслоо. Харин одоо бидэнтэй нэгдэж одоогийн дэлхийг, өөрийнхөө өнгөрсөнийг гартаа атгаарай.


Та Ямх зайд, Чимх ухаанаар, Яруу сайхан жиргээрэй.

2 comments:

Миний блог said...

Гоё хэлж ээ.

Үлмэдэх said...

Гоё болж. юм хөгжиж байна гэдгийг бүх зүйлс жижгэрч буйгаар нь бид анзаардаг шиг. 140хөн тэмдэгтэнд багтаан жиргэдэг "Жиргээ" интернетэд шинэчлэлийг хийсэн гэхэд болно. Энд нэгдсэнээр олон шинэ танилуудтай болсондоо би баяртай байгаа.
Жиргээд нэгдэцгээе