• RSS

Tuesday, April 20, 2010

Нигилист


И.С.Тургенев Эцэг, хүүхэд Улаанбаатар 1959 он

1859 оны тавдугаар сарын хоринд эхэлсэн энэ түүх эцэстээ амьдралын шалгарлаар нэг нь үхэж, нөгөө нь амьдарч төгсдөг. Аркадий Николайч Кирсанов болон Евгений Васильеч Базаров нар бол тухайн цаг үеийн орос орны залуусын төлөөлөл бөгөөд эрх чөлөөнд дуртай, бүгдийг хүссэнээрээ хийж буй залуу хүмүүс ажээ. Харин өнгөрсөн үеийн язгууртны төлөөлөл болж Николай Питрович Кирсанов болон Павел Питрович Кирсанов нарыг тусгасан нь шинэ үе болон хуучин үеийн үзэл сурталын төгс илэрхийлэл болж чадахуйц байлаа. Мөн эцэг хүний үрээ гэсэн сэтгэлийг Василий Ивановичээр, эх хүний үрээ хайрлах сайхан сэтгэлийн илэрхийллийг Арина Власевнагийн дүрээр гаргасан нь зохиолчын уран чадварын илэрхийлэл байлаа. Зохиол тэр чигтээ тухайн цаг үеийн орос орны ахуйг тусгасан нь зохиолын гол баатруудыг дагалдан гарах туслах дүрүүд болох Ситников, Кукшина, Петр, Одинцова, Фенечка, Катерина нарын зан байдал, ахуй амьдралаар бүтээгдэнэ.
Евгений Васильеч Базаров бол дэвшилтэт үзэлтэн, Нигилист гэж түүний дотны найз Аркадий Николайч Кирсанов тодорхойлсон. Тэр зан байдлаа ч Евгений Васильеч Базаров зохиолын өрнөх үйл явцуудад гаргасаар эцэстээ үхэх агшиндаа ч гэсэн бүрэн дүүрэн баталж буй. Нигилизм буюу Нигилист үзэл суртал гэдэг бол Юуг ч үл зөвшөөрөгч, үл ойшоогч үзэл суртал бөгөөд, энэ амьдралын хэсэгээс олж хүртсэн бүхнээ үгүйсгэгч хүмүүсийг Нигилист хэмээн тодорхойлох ажгуу. Мөн Нагаржунайн Буддизмд хийсэн томоохон өөрчлөлт болох Мадхьямака хэмээх урсгал ба түүний үндэслэсэн урсгалыг монголчууд дундад үзэл, төвт үзэл хэмээн нэрлэсэн байдаг бол баруунд нигилист үзэл хэмээн тархжээ. Эл үзэлд анхлан Буддагийн оруулж ирж байсан хоосон чанарын ойлголтыг гүнзгийрүүлэн судалжээ.
"Мадхъямакарарика" хэмээх зохиолдоо :
Буй хэмээх мөнхийн үзэл
Үгүй гэх тасархай үзэл
Эрдэмтэн мэргэд
Буй хийгээд үгүй дор бүү оршихтун
хэмээсэн нь төв үзлийн үндэслэл болсон байдаг.
Буддын гүн ухааны төв үзлийн үндэс нь Шунъятын сургаал буюу Хоосон чанарын сургаал юм.
Түрдэх үгүй төрөх үгүй
Тасархай үгүй мөнх үгүй
Ирэх үгүй одох үгүй
Ангид утгат бус нэгэн утгат бусыг
Туулсан Бурхан дор мөргөмой
хэмээн найман үгүйсгэлийг дээрх сургаалд номлосон байдаг. Энэ үзэл нь юмс үзэгдлийг нэг талаас хоосон зай, нөгөө талаар чанарын үндсэнд оршино гэж үздэг. Өөрөөр хэлбэл бүх юмс үзэгдэл чанарлаг гэхдээ хоосон зайд хормын зуур оршдог гэсэн үг юм.
Буй бус , үгүй бус
Буй үгүйгээр бус
Энэ завсар дор
Хамаг бүхэн хуръюу
гэж Сэтгэгч Нагаржунайн тодорхойлсон байдаг. Энэ нь
Мөнх нь мөнх бус
Буй нь буй бус
Ариун нь ариун бус
Жаргал нь зовлон
гэсэн номлолтой дүйж очдог. Нагаржунайн үзэл сурталтай энэ зохиолын гол баатар Базаровын үзэл санааг дүйцүүлэх нь нэг талаараа тэнэгтэл боловч нөгөө талаар харьцуулалт хийснээр үзэл санааг илүү гүнзгий ойлгож болох мэт санагдлаа. Энэ мэтээр сэтгэснээр эцэстээ бас юунд хүрч болох нь Евгений Васильеч Базаровийн амьдралаар эл зохиолд батлагдах ажээ.
Хайр дурлал бол юуг ч үл ойшоогч хүний сэтгэлийг хүртэл догдлуулж чадах тийм агуу хүчтэй сэтгэлзүйн үзэгдэл ажээ. Юунд ч үл ажирах, үл ойшоогч, эцэг эхээ үл анзаарагч, эрх чөлөөт дэвшилтэт үзэлтэн маань нэгэн бүсгүйн өмнө сэтгэлийн хөдлөлөө барьж дийлээгүйгээр үл барам үхэхдээ хүртэл эцэг, эхээ үл анзааран энхрий дурлалт бүсгүйгээ дуудуулах хэмжээнд хүрч байгаа нь орчон хорвоогийн таталцал эмэгтэй бас эрэгтэй хүний нийтлэг сонирхол болсон хайр дурлал дээр тогтоод байх мэт сэтгэгдэлийг уншигч авхай надад төрүүлсэнийг нуух юун.
Энэ зохиолын утга санааг би өнөөгийн монголын нийгэмтэй харьцуулан өөр дээрээ жишээлэн авч үзэхэд, юунд ч үл ажирч, үл ойшоон амьдарсаар эцэстээ үр дүнгийн эсрэг талд хоосон ахуйдаа өөрөө хоосон амьдрал бүтээж байх мэт санагдана. Хорвоод чи ирэхдээ уйлж, бусдыг баярлуулж ирчихээд харин явахдаа чи баярлаж, бусад нь уйлж байх тийм л амьдралыг бүтээх нь гарцаагүй чухал бөгөөд хэн ч чамайг дурсахгүй, хээрийн нэгэн булшин доор хэдэн яс чинь тарж хэвтэх тэр амьдралд энэ хоосон чанар, нигилист зан чамайг хүргэх ажгуу.
Эцэст нь дүгнэхэд энэ байгаа амьдралдаа сэтгэл хангалуун, ээж аавдаа ачлал энэрэлтэй, эх дэлхийдээ хайртай, энэ байгаа цаг хугацаандаа ихийг хийж бүтээж, өөрийн хөшөө дурсгалаа булшин дээр биш бусдын сэтгэлд босгох хэрэгтэйг энд би тунхаглачихъя.

1 comment:

mep said...

хэнд ч саад болохгүйхэн шиг л явбал болоо л гэж дотроо бодож явдаг маань бас буруутах шинжтэй