• RSS

Thursday, June 3, 2010

Харамсал, Харуусал

Хүмүүний амьдрал яг л хугацаа тавиад орхисон тэсрэх бөмбөг мэт үргэлж түгшүүртэй байх агаад нэгэнтээ төгсөх нь хорвоогын жам ажгуу. Эгээ нөгөө ертөнц энэ ертөнцтэй тун ойрхон байх мэт хүмүүний заяаг яалтай.

Ирж буцах энэ хорвоогын жамаар нэгэн амь өнөөдөр нөгөө ертөнцийг зорин хөдөллөө. Тэртээ 12 жилийн өмнө бас нэгэн амь энэ мэт нисэн одохыг дэндүү гүнзгийгээр зүрх сэтгэлдээ суулган үлдээж. Үнэндээ энэ үдэш, энэ шөнө тун хүнд өнгөрөх нь...

Заримдаа бид хамгаас хайралдаг хүнээ үл анзааран зөвхөн өөрийгөө л хайрлуулах гэж зүтгэдэг нь бэртэгчин зангын илрэл гэлтэй. Үүрд хамт байх мэт үргэлж буруу бодож явсанаасаа үүдэн өнхөрөөд ойчоод өгөхөөр нь өөрийгөө би уучлахгүй гэж халаглах нь өрөвдөлтэй. Аанай л буруугаа өөрөөсөө түлхэж бусдаас, бүр тодруулбал өөр ертөнцрүү амар амирлангуйд одсон хүнээс ичих ч үгүй хайх нь айдас, жихүүдэс хүргэм. Цагаа тулбал хүн төрөлтөн өөрөө энэ дэлхийн хамгийн харгис араатан ажгуу.

"Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!" О.Дашбалбар

Үнэндээ дээрхи мөртүүд одоо надад зориулагдах мэт хэтэрхий тод томруунаар нүдэнд минь тусч, сэтгэлд минь хургана. Хорвоод яах гэж ирсэнээ мартаад хорь гаран жил зүгээр л дүүлсэн мэт сэтгэл хөндүүрлэлээ. Үнэндээ би чинь үргэлжлэл, үр дүнгийн тод жишээ билээ.

"Би цаг тооны үргэлжлэл, Цагаан сүүний ургамал" Б.Лхагвасүрэн

Хорвоо өөрөө хэтэрхий ил тод, хурц ширүүн, тод томруун юм. Шаналал дагуулсан, бодол хөврүүлсэн үйл явдал олон асуудалд цэг тавих мэт гэнэт болох уйтай. Үүл сарниж тэнгэр цэлмэсний дараа сэтгэл тэнийдэг мэт үйл явдал өрнөж, үхэл бидний хэн нэгнийг аваад явсаны дараа ухаарцгаах өрөвдөлт хүн төрөлтөнүүд. Харамсалтай нь хожимдсон гэмшил нүглээс чөлөөлдөггүй.

Амьдадаа бие биенээ хайрла хүмүүсээ

Алив сайхнаа бусдаас бүү харамла

2 comments:

Anonymous said...

zarimdaa gnet dotor bachimdaad l delhii sunuh gj bgaa l aytai bdag...
bas seruulegtei tsag shg l...

Бараавоо said...

Яалт ч үгүй үнэн шүү. Гэхдээ амьдад нь хайрлая гэхлээр давраад байдаг байхгүй муусайн юмнууд гэхгүй юү хаха. Цагаа тулбал хүн төрөлтөн өөрөө энэ дэлхийн хамгийн харгис араатан ажгуу.гэдэг бүүр үнэн