• RSS

Friday, April 1, 2011

Оршихуй, орхигдохуй

"Хүний амьдрал гэдэг далай тэнгистэй адил юм. Энэхүү далайд сэлэхгүй бол живэх аюул бий!" 



            Гудамжаар алхах хүмүүс нэг л уйтгартай. Бүгд цонхийсон царайтай бас хамаг амьдралаа духан дээрээ овоолсон байх нь бий. Амьдралын олон өнгөн дунд байгалийн хүчин зүйлс томоохон байр суурь эзлэх нь гарцаагүй. Эрс тэс уур амьсгал, хөгжингүй орны хөшүүн зовлон бидний мөрөн дээр дараатай байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр бүхнээс илүүтэй аминчхан үзлийнхээ боол болон бусдаас илүү гарах гэсэн чин хүсэл нь бөөн дарамт болж буй мэт санагдана. 

Бид хэзээнээс биендээ дайсан болсоныг би мэдэхгүй. Ухаан орсон цагаас л хот суурин газарт дөрвөлжин байшин, дөрвөн хана харж өссөн бидний үе тал хангай, тансаг байгалийг бахдахаас өөрөөр мэдэхгүй шахуу юм. Уншсан номныхоо хэмжээгээр сэтгэж, уусан шингэнийхээ хэмжээгээр цангаж яваагаас биш унасан мориндоо эзэн байж, уужим талдаа салхи татуулан хурдалж байсангүй урсах цаг хугацааг элээхүй. Өөрөөсөө ч харамлам эх орноо өрнөөсөө худалдаж орхиод өөрөө харин илүү харж билүү долоон бусдын эд юмсад шунан дурлах өнөөгийн сэтгэхүй ядмаг гэдгийг бүгд мэддэг ч өөрчлөгдөхгүй явсаар байх нь харамсалтай бас эмгэнэлтэй. Тэгэхээр бид чинь тэртээх 800 жилийн түүхээс өнөөдөр биенээ шоолох тамын тогооны л үлгэртэй хоцроо шив?

Өгүүлэх гэсэн санаа нийтийг хамраагүй. Нийгэм гэгч чухамдаа нэг хүнээс эхлэлтэй цул бүтэц бөлгөө. Нэг хүн нийгэмд нөлөөлж болно, мөн нийт хүмүүс нэг хүнд нөлөөлж болно. Хувь хүн бүрийн нийтлэг өнгө төрх нийгмийн гол мэдрэг судал болж тухайн нийтлэгийн үзэмжийг илтгэсү. Хэрэв нийт олон дотор нэг л өөрчлөгдөгч байх аваас нэг мянганы тэртээ "Их Монгол" улсыг тунхагласан түүхийг давтаж болно. Нэг арваны тэртээ америкт хоёр өндрийг унагаасан сүйрлийг ч давтаж болно. 

Хүн хүссэн бүхнээ авдаг юм бишээ. Харин хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг юм. Бие биенээсээ илүү гарах гэж зүтгэж, бусдын мууг харах гэсэн санаа эргээд өөрийгөө онилдог юм шиг. Бид чинь амьдралын төлөө тэмцэж буй адгуус, шалгарлын хуулиар оршиж буй организм биш юм. Бид бүлгээрээ, сүргээрээ, нийгэмлэгээрээ оршиж, биенээсээ жаргал амтлах гэж жаргаж байгаа нь жаргалаа түгээх гэж орших бодгалиуд билээ. Бие нь хэврэг ч сод билгүүн, хангалттай ухаалаг бүтэцийнхээ хувьд зөвхөн махбодийн хэрэгцээг илүүд үзсэн ухаан орхигдож, сэтгэл зүрх, сэтгэлгээний түвшинд бид оршдог ажээ. Хайрлах гэж, хайрлуулах гэж, харамсалдаа гэмшихгүйн тулд хэрэгтэй үед хэрэгтэй цагт бусдад хэрэглэгдэх гэж л бид амьдардаг байна. Би чиний төлөө, чи миний төлөө гэх зарчим оршихуйд хүмүүний амьдрал зөв гольдролоор урсахуй. 

Өнгөрсөн бол ирээдүйг тольдох хэмжүүрийнхээ хувьд өгч чадсан нь өөрөө аз жаргалыг авч чаддаг ажээ. Хүн хүндээ хэрэгтэй байхаас илүү аз жаргал гэж хаа байх билээ дээ.

Хэн нэгэнд хэрэгтэй байна гэдэг хэрэг нь дууссан байхад ч хэрэг болох тэр л зүйлийг, тэр л мөчийг хэлнэ.

1 comment:

Зулаа said...

udaan unshaagvi bj bgaad unshsan goe bna shvv. ta ene jil bas zawgvi bga boltoi blogtoo yum bichkvv..