• RSS

Friday, January 11, 2013

Мөн чанартаа бус зөн чанартаа итгэхүй.

Чамайг төрөх үед чи уйлж хорвоо дэлхий баясана.
Чамайг үхэх үед хорвоо дэлхий уйлж, чи баясахаар амьдар.
Амьдрал бол сул хяналт - Хатуу шалгалт.


      Хэдэн үгс хэлхээд биччих хэзээд амаргүй байдаг. Санаа чухал хэлбэр чухал биш гэж хаа нэгтээ сонсоогүй. Тэгэхээр хэлбэр болоод агуулгын хувьд төгс байх гэж л үздэг байх. Гарчигт сонгогдсон өгүүлбэр тэр нэгэн үдэш сэтгэл гундуухан алхах зуур санаанд зурсхийсэн билээ. Эхэндээ энэ талаар өгүүлэх сэдэл байгаагүй ч сүүлийн хэд хоног дараалан өрнөсөн үйл явдлуудад дулдуйдан нэг санааг цухас хөндсү.

Заримдаа өөрөөсөө би хэн бэ? Хэний хувьд би хэн юм бэ? гэж асуух үе гарах л юм. Ямар учраас энэ мөчид ийм байдалтай оршиж байгаагаа нэг бодоорой. Үнэндээ чи хэн бэ?

БИ хэн бэ?

Цагийн урсгалд хүн хүнээ байж нохой мэт амьдрах мөчүүд ч байх. Үнэндээ өнөөдөр товчлуур тоншин буй нэгэн хийгээд дэлгэц гөлөрч суугаа хэн бүхэн бүгд "ХҮН" хэмээх уг чанартай, утга төгс нэгэн юм. Хүнийг хүн болгон ялгаж, орчлонг тэдэнд бэлэглэсэн тэр зүйл нь хүний "МӨН" чанар буй за. Мөн чанараа олон зүйлсээр тодорхойлж болохуйц хэдий ч хүн бүр өөрийн шийдвэрт бат зогсох нь илүүтэй тул МӨН чанар гэсэн нэршлээр нь үгтээн үргэлжлүүлсү.

Заримдаа бид чинь араатанлаг чанараараа өөрөө ч мэдэлгүй мөн чанараа уландаа гишгэх нь бий. Үүнийг амьдралын шалгуур гэх буюу аргагүй нөхцөл байдал гэж цагаатгаад байгаа. Хорвоо тэр чигтээ шударга бус. Учир нь дээр иш татсанчлан амьдрал бол сул хяналт учир юу хүссэнээ амьдралаас авч болохоос гадна амьдрал чамаас бүгдийг авч чадна. 

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг юутай үнэн үг. Гол нь тугал хариулж явахдаа туг барих өдөрт итгэлтэй байх нь чухал буюу. Өөрөөр өгүүлбэл ирээдүйд итгэх итгэл, түүний төлөөх хүсэл тэмцэл чинь чиний ирээдүйг бүтээдэг. 

Хэн ч болов өөрийн зөн билэгтэй. Түүндээ их бага хэмжээгээр автаж чадсанаас хамаарч мөрөөдөл, дүрслэлээр амьдралын өнгө нь тодрох буюу тодорхойлогдох. Мөрөөдөж чадахаас илүү мөрөөдөлдөө хүрэх тэмцэл нь өөрөө амьдралын баяр баясал мэт.


Эцэст нь амьдрал хүнийг бүтээдэг бус хүн өөрөөрөө амьдралыг бүтээдэг. Цаг хугацааны саалтад зорьж байгаа хүсэл тэмүүлэл, хүрч байгаа үр дүн нь хүний мөн чанарыг тодорхойлж, эргэх хорвоогын нар нэлээд өндөрт мандах ахуйд зурайсан мөрөөр нь хүнийг тодорхойлохуй. Мөн чанар бол олдмол бөгөөд цагийн саалтад улам элэгдэн мөлийж жинхэнэ утгаараа урлагийн бүтээл болох буюу.


"Амьдарч өнгөрүүлсэн хугацааны уртад бус аз жаргалтай өнгөрүүлсэн хором мөчүүдийн тоогоор амьдрал хэмжигддэг."

No comments: