• RSS

Wednesday, March 13, 2013

Боломж үгүй...

Боломжгүй зүйл гэж байхгүйг баталсан бас нэгэн бодит түүх.

Боломжгүй!



      Испани канунд эргэлтгүй татагдаж байгаа гэж хэлэхэд нэг их буруудахгүйг сүүлд үзсэн хэдэн кану маань баталж байна. Ерөөс тэс өөр ертөнцийг өөртөө нээчих мэт шуналтайяа эрэлхийлж байгаа. Энэ удаад бас нэгэн сайхан бүтээлийн тухайд сэтгэгдлээ дурьдсу.

2004 онд Энэтхэгийн далай, Индонезийн суматра арлын баруун хэсэгт далайн гүнд 9.1-9.3 магнитудын газар хөдлөлт болсоноос 30м хүртэл өндөртэй далайн давалгаа үүсч 14 орны 230,000 хүний амийг авч оджээ. Уг газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамид Индонези, Шри-ланка, Энэтхэг, Тайландын арал орчмын газрууд хамгийн хүндээр өртсөн байна. Энэхүү байгалийн гамшигт олон мянган гэр бүл өртөж, гэр орон, эд хөрөнгөө алдаад зогсоогүй хамгийн дотны хүмүүсээ үүрд алдсан билээ. 


Кану María Belón нь эмч мэргэжилтэй, испанийн иргэн бөгөөд амралтаараа Тайландын эрэгт нөхөр гурван хүүгийн хамт амарч байх үедээ цунамид өртөж байгаагаар эхэлдэг. Тэрээр цунамийн урсгалд туугдан явахдаа том хүүгээ дараа нь модонд авирч амьд үлдсэн бяцхан хүүг олох бөгөөд гурвуул нутгийн иргэдтэй тааран амь аврагдаж эмнэлэгт хүргэгдэнэ. Үерт урсаж явах үедээ хөлдөө хүнд гэмтэл авсан нь биеийн байдлыг муутгаад зогсохгүй амь насанд нь аюул учирдаг. Түүний том хүү Лукас нь азаар хүнд бэртэж гэмтээгүй бөгөөд ээжийгээ сахин эмнэлэгт байхдаа аав болон хоёр дүүгээ хайх ба мөн гэр бүлээ эрж хайж буй өвчтнүүдэд тусалж эхэлнэ. Харин энэ үед Мария-н нөхөр нь хоёр бага хүүгээ цунамигаас амьд үлдэгсэдтэй хамт тэдний байрлаж байсан зочид буудлын эвдэрч нураагүй хэсэгт үлдээн, том хүү болон эхнэрээ хайж байлаа. Тархи, хэвлий, хөлдөө гэмтэл авсан тэрээр маш их хүч гарган цунамид өртсөн буудлын эргэн тойрныг нэгжин тасралтгүй эрж хайх боловч эхнэр хүү хоёроо үл олно. Эцэст нь хоёр хүүгээ амьд үлдэгсэдтэй явуулах ба өөрөө эхнэр, том хүүгээ үргэлжлүүлэн хайсаар олох  агшинд хоёр бага хүү нь нүүлгэн шилжүүлэгдэж таарч халуун ам бүлээрээ уулзалдах торгон мөчид кану төгсөх ажээ. Тэдний амьдралын төлөөх тэмцэл, түүний нөхрийн халуун сэтгэл, хүүхдүүдийнх нь зориг тэвчээрийг онцгойлон тусгаж чадсанаараа энэ кану тун сэтгэл татам болсон юм. Энэ бол бодит түүх бөгөөд, уран сайхны талаас нь хичнээн өнгөлөн зүлгэсэн байлаа ч зүрхэнд маш ойрхон буух ажгуу.


Juan Antonio Bayona хэмээх найруулагчын ур чадварын гоц илрэл нь үйл явдлын ээдрээг маш эгзэгтэй мөчүүдээр чимэглэсэнд оршино. Эцэг хүний, эр нөхөр хүний сэтгэл хөдлөм дүрийг, эх хүний, эмч хүний агуу сэтгэлийг элдэв чимэггүй боловч цаанаа нэг л сэтгэлд ойрхон харуулж чаджээ. 

"Өнөөдөр бол үлдсэн амьдралын чинь сүүлчийн өдөр" гэдэгчлэн хүний амь нас үгүй болохдоо тун хурдан ажээ. Гэвч хүн үхэлтэй нүүр тулах үед түүнээс айн зугтахаас илүүтэй сөрөн тэмцэх асар их хүчтэй болдог мэт.


Нэгэнтээ María Belón өгүүлэхдээ "Цуними бол ер бусын бэлэг байсан. Би амьдралтай ахин учирсан. Миний бүхэл амьдрал бол нэмэлт цаг юм" хэмээжээ. Гагц үхээд сэхсэн хүний л, үзэж туулж болох бүхнийг амссан хүний л үг мэт боловч энэ бүхнийг бид энгийн үед хэзээ ч мэдрэхгүй нь харамсалтай.

Гэр бүл бол энэ дэлхийн хамгийн жижиг ертөнц бөгөөд тэнд бидний амьдралаас олж болох хамгийн эрхэм нандин зүйл нуугдан байх ажээ. Хэрэв та тэр эрхэм нандин бүхнийг олсон л бол түүнийгээ алдахгүйн тулд амь насаа ч үл хайрлан тэмцэх бөгөөд түүнийг таниас үхэл ч салгаж чадахгүй билээ.

1 comment:

Aligermaa said...

Амьдрал дундах хар бараан дундаас хааяа ч гэсэн Хүний сайн талыг харуулсан бодит зураглал харах сайхан байдаг шүү.