• RSS

Thursday, April 4, 2013

Амьдралд яарах шалтгаан

Хүлээлгийн өрөөнд хэт удаан суух хэрэггүй!
    Өнөөдөр эмнэлэгийн хүлээлгийн өрөөнд суух зуур толгойд харвасан хамгийн аймшигтай бодол "Амьдралд арай би яараагүй юм биш биз?" 

Тэртээ 2009 онд золгүй ослоос үүдэн нөгөө ертөнцийн хаалга татаад цаана нь арай л үлдчихэлгүй энэ ертөнцдөө эргэн ирсэн. Дараа нь бүтэн хагас сар эмнэлгийн тааз ширтэх зуураа би юу хийж амьдарснаа бодож байсан минь тодхон санагдана. Гэвч өөрчлөгдсөн зүйл нь тэнд биш энд, тэгээд дээр нь ардаа үдсэн 4 жил л байх шив дээ. Тэгэхдээ өнгөрсөн 4 жил хийсэн бүтээснийг гарцаагүй үнэлэх ёстой.

Шинэ орчинд ирээд ахуй тэр чигээрээ өөрчлөгдөж, өмнө нь өөртөө бардаж байсан их зан ул мөргүй арчигдаж байна. Олны хүндэтгэл, анхаарал, халамжыг төвөөс зугтах хүчний нөлөөгөөр гээж цор ганцаар, цоо шинээр эхлэх бас л амаргүй юм. 

Би алдахаас айгаагүй! Тиймдээ ч маш зоримог сонголт хийсэн. Одоо хүртэл миний сонголтыг ээжээс минь бусад хүн ойлгохгүй, дэмжихгүй л байна. Зарим нь бүр толгойгоо сэгсрэн намайг гайхах нь ч бий. Гэвч энэ сонголтын үр дүн хэдхэн жилийн дараа гарахад бүгд миний зөв байсныг ойлгоно.

Азгүйтэл бол бүхэлдээ айдсын үр дүн гэж би аль хэдийнэ дүгнэчихсэн. Үхэхээс айсандаа өнөөдөр би сэтгэлдээ үхчихээд байгаа хэрэг. Хэрэв тийм биш байсан бол аль хэдийнэ амьдрах байсан юм.  (Эмч намайг эрчимтэй нэг ч зүйл хийж болохгүй, маш тайван, удаан тогтвортой амрахыг зөвлөснийг дурьдахгүй өнгөрч болохгүй нь.)

Би өөртөө итгэдэг, бас ирээдүйд миний гэргий болох тэр азтай бүсгүйд итгэдэг. Гэвч бүхнээ зориулан итгэж чадах түүнийгээ олох хүртлээ зөвхөн өөртөө л итгэж амьдрахаар шийдсэн. Итгэл бол миний хувьд энэ дэлхий дээрх хамгийн эрхэм үнэтэй зүйл. Ээж минь надад итгэсэн болохоор би өнөөдөр амьдарч байна. Бүтэн 70 хоног ухаангүй амьсгаатай төдий эмнэлэгийн орон дээр хэвтээ нярайг хараад хэзээ үхэх бол хэмээн бүх хүмүүс бодож байхад ганцхан ээж минь л итгэл төгс хараа нойргүй харсаар амьдруулсан билээ.

Эцэст нь би амьд гэдгээ мэдрэхийн тулд хайрлах гэж, хайрлуулах гэж л тэмцэн байна. Ерөөс би  хамгийн сайн сайхан, охь нандин бүхний дээжийг л амтлах гэж яарсаар.. 

Би амьдралд яарч байна. 
Бие сэтгэл, билэг оюун бүхнээрээ 
Хоосон сэтгэлээ дүүргэхээр 
Хорвоод хосоороо, хамтаараа амьдрахаар яарч байна..

5 comments:

MRowan said...

Яарах мэдрэмж нь содон сонсогдож байна...

Амьдралд буцаж ирээд амьдралд дэндүү хайртайгаа бас эрх чөлөө ямар үнэ цэнтэйг ойлгосон миний хувьд.

shine unshigch said...

yamar goy bichee ve, bi ch bas ug n yaraad l baih yum gehdee zorig hurehgui ch bgaam shig dahiad aldahaas aigaad ch bgaam shig ,,, ene aidsaas l salah heregtei bna. hogshin europiin saaral tenger dor nar garahiig huleene... huleen suuhiin orond nar gardag gazar luu niseed yavah uchirtai busuu geel bodoh yum... shine unshigch

Unknown said...

яарах юу байхав дээ, болох юм болж л таарна. харин чи хэлсэн шүү, чиний эхнэр болох бүсгүй азтай байх болно гэж... хэлсэндээ хүрээд азтай байлгаарай.

Orgi said...

Be strong.

Сэгсгэр said...

Saihaan...