• RSS

Saturday, November 1, 2014

Буланд шидэгдэгсэд ба амьдралын эргүүлэг..

Саарал гудамж, хосууд, нарны цацраг...
Хаашаа ч юм эх адаггүй яарцгаана. Тэдний хөл доор хөглөрөх цаас мэт гудамжны буланд хажуулдан суусан нэгнийг хэн ч үл анзаарна. Амьдрал ч түүнийг аль хэдийн анзаарахаа больчихсон юм биш биз..?

|•Frank Photography•|  The reality of the street of Stockholm La réalité de la rue de Stockholm

Photo by: Frank  
(|•Frank Photography•|)

Хэзээнээс би(д) гэрлээс зугтааж...

      Нар хэнийг ч ялгалгүй туссаар байтал бидний амьдрал өөр хоорондоо огт төсгүй, бүр эрс ялгаатай байх нь жигтэй. Сайхан амьдрал гэх тодорхойлолтыг өнөөдөр яг оноод хэлсэн хүн нэгээхэн ч үгүй. Гэвч хүн бүр өөрт оногдсон буландаа өөд уруугүй л сайхан амьдарцгааж байх ажээ. Сахарын элсэн цөлд, Атлантын далайн эрэг хөвөөнд, цаст Хималайн нурууны бэл хормойд, Сибирын тайгын гүнд сайхан амьдрал буцалж байна.

Зорилготой, зогсолтгүй урагш тэмүүлэх өдөр тутмын утга төгөлдөр цаг хугацаа л бидний хамгийн сайхан амьдрал юм шиг санагдах. Хүмүүс хүрээлэл дунд өөрийгөө мэдэрч ч амжилгүй түрэгдэн урагшилсаар хаа хүрсэнээ ч анзаарахгүй байх нь бий. Харин тэднийг түрэх олны урсгалаас сугалж аваад нэгэн буланд шидэж орхивол тэнд жинхэнэ өөрөө өөртэйгөө нүүр тулах ажгуу.

Ганц бие амьдардаг, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу хүмүүсийн гэрэл гэгээ нь ирээдүйн төлөвлөгөө, амьдралын төсөл гэхээс илүү маргааш өглөө сэрэх итгэл найдвар байдаг гэхэд хилстэхгүй. Хэрэв амьдрах хугацааныхаа заагийг мэдэж байгаа бол маргаашын шаргал наран тэдэнд юунаас ч илүү үнэтэй. Нэгэнт ганцаар орхигдсон тэд туулж өнгөрсөн зовлондоо харамсаж, түлхэж орхисон бусдыг буруутган үзэн ядах сэтгэлгүй гайхам тайван боловч, амьдрах эрч хүч оргилон байх нь сэтгэлийн хат, тэвчээрийн охь манлай гэхээс өөр зүйрлэл олдохгүй нь. Жижигхэн биедээ бид чинь ямар ч их зовлонг үүрч, жаргалыг тойрч явж чаддаг юм бэ гэж асуумаар тохиолдол амьдралд цөөнгүй тохиолдох нь бий.

Хэнтэй чи хамт байхаа больсон юм бэ?
Заримдаа гудамжаар өнгөрөх олны урсгал бидэнд цаг хугацааны энэрэлгүй эргүүлгийг санагдуулдаг. Юунд ч үл саатан зогсох, юунаас ч үл хамааран чиглэлээ үл алдах энэ урсгалд бид туугдан, замд таарсан хамгийн үнэтэй зүйлсээ анхаарч харж ч амжилгүй үлдээн одно. Эргэж харж амжихгүй, буцаж ирэх ч хүсэлгүйгээр нийтийг дагаж, нийгмийн өчүүхэн эд эс болон уусан замхарна. Гэтэл явж буй зүг, урсаж буй чиглэл, улирч буй эд зүйлсийг зөв буруу эсэх, энэ бүхэнд хүсэн тэмүүлж байгаа эсэхдээ хэн ч анхаарал үл хандуулах нь аймшигтай. Тиймдээ би(д) өөрсдөөсөө өөр нэгнээ урсгалаас түргэн гаргаж, буланд шидэхдээ өчүүхэн төдий ч үл шаналах агаад, өр өвдөх гэхээсээ илүү гавьяа байгуулсан мэт ааш гаргах нь адгууслаг шинж давамгайлж буй гэлтэй.   

Угтаа би(д) хэн нэгнээ гээж орхисон биш харин өөрийгөө, мөн чанараа гээж буй хэрэг юм. 
Хэрэв чи хүнээ байвал, хүмүүс чамайг олж харахаа болиод, бусдыг бус өөрийгөө л буланд шидсэн нь тэр билээ. 


"Үнэндээ би гэрэл болохоор надад гэрэлтүүлэг хэрэггүй.
            Хэн ч надад байхгүй болохоор л би хэнтэй ч хамт байхгүй байгаа."

No comments: