• RSS

Tuesday, November 11, 2014

Нөхөрлөлийн тухайд..

Нөхөрлөл гэдэг хамт өнгөрүүлсэн цаг хугацааны уртад биш, биенээ гэсэн чин сэтгэлийн дуудлагаар хэмжигддэг..


"Daniel's Joik" by Jon Henrik Fjällgren




Өнөөдөр 2014-11-11 өдөр.

Хэзээнээс эхэлсэн, хаанаас гаралтай нь үл мэдэгдэх авч Монголд цөөнгүй залуус энэ өдрийг найз нөхдийн баярын өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Олон нийтийн сүлжээний цахим хуудсуудаар энэхүү баярын мэндчилгээ тасралтгүй хөврөх зуур дээр оруулсан дууг олж сонсов.
      Шведийн хойд хэсэгт цаа буга хариулан амьдрах Сами (Sami) үндэстний гэр бүлд өргөгдөж, 27 нас хүртлээ цаа буга хариулан амьдарч байгаа Жон Хенрик Фьёлгрен (Jon Henrik Fjällgren) өөрийн хайрт найз Даниел-н дурсгалд зориулан зохиосон энэхүү дуугаараа 2014 оны "Авьяаслаг Шведчүүд" тэмцээнд түрүүлсэн ажээ. Сами үндэстний ардын дууны урлаг болох Ёойк (Joik) нь ихэвчлэн богино шүлэгээс бүтсэн эсвэл огт шүлэггүй уянгалсан аялгуутай байдаг аж. Ёойк дууг ихэвчлэн хүүхэд төрөхөд болон тухайлсан хүнд зориулан зохиодог байна. 

      Жон Хенрик бор хүрэн арьсны өнгө болон Сами үндэстний тосгонд төрөөгүй зэргээсээ болж бага насандаа ялгаварлагдаж, үеийн хүүхдүүддээ гадуурхагдан, нэлээд дарамт шахалт амссан ба тэр үед түүнийг хамгаалж, түүнтэй найзалж байсан Даниел хэмээх найз нь осолд орж ертөнцийг орхисон байна. Тэрээр өөрийн хамгийн дотны найзын дурсгалд зориулж зохиосон дуундаа ийн өгүүлжээ. 

Даниелийн ёойк

Хайрт найз минь чи надтай хамт явсаар байна уу?
Хэдийгээр би чамайг удаан хараагүй ч гэсэн
Чи одоо ч гэсэн дэлхий дээр байсаар байгаа юу?
Эсвэл зөвхөн миний зүрх сэтгэлд л үлдэв үү

Би хэвтээд эргэцүүлж эхлэхэд
Анир чимаагүй намайг бүчин, 
Нулимс алгуурхан урсаж 
Чиний тухай дурсамжууд хөвөрнө 

Мартагдсан тэнгэрийн элч
Одоо өөрийн далавчаа олсон 
Чи хаана нисч явна, тэнгэрийн элч минь
Одоо чи хаана нисч явна..

Сувдан хаалгаар нисэн өнгөрч явна уу? надад хэлээч
Эсвэл дэлхийн төгсгөлд хүрч байна уу?
Чи миний хажууд нисч явна уу?
Эсвэл би одоо ганцаар байна уу?

Чи хаана ч байлаа гэсэн, найз минь
Зам чамайг хааш нь ч хөтөлсөн байлаа гэсэн
Надад амлаач, тэнд хүлээж байна гэж
Ахин биднийг эргэн уулзах хүртэл

Би чамайг аз жаргалтай байгаа гэдэгт итгэж байна.
Яг би чамтай хамт байсан шиг
Чиний амссан зовлон 
Одоо хэдийнэ үгүй болсон гэж найдаж байна

Эрх дураараа дүүлэн нисдээ, эрхэм анд минь
Чи одоо эрх чөлөөтэй
Бид эргэн уулзах хүртэл
Хагацья даа, тэнгэрийн элч минь..


Төгсгөлийн оронд..
        Хүн амьдралдаа маш олон хүнтэй учирдаг хэдий ч тэдгээрээс маш цөөхөн хүн сэтгэлд хамгийн ойр байх нь бий. Тэдгээр цөөхөн хүмүүс заримдаа цагаасаа эрт энхжингийн оронд харван одох нь нөхөж гүйцэшгүй гарз билээ. Хэзээд хамгийн ойрхон байсан, хэнээс ч илүү дотно тэр л хэдхэн нөхөд амьдралаас олсон хамгийн үнэт зүйл байх нь гарцаагүй. 

Хувьдаа би сайн найзтай байхаасаа илүү өөрөө сайн найз байхсан гэж хичээдэг. Нөхөрлөл эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссандаа, нөхөж гүйцэшгүй цаг хугацааг хэлнэ...


2 comments:

Undecorated Life said...

Өөрөө сайн найз байхсан гэж үнэн гол судсыг нь барьж хэлжээ. Нэгийг бодогдуулсан сайхан бичлэг байна.

Gansukh B said...

Гоё дуу шүү.

Өөрөө сайн найз байхыг хичээхдээ хүн өөрийнхөө мөн чанарыг ч бас илүүтэй таньдаг юм шиг санагддаг. Сайн найзуудынхаа үйл хөдлөлөөр тэднийг танина.