• RSS

Thursday, July 23, 2015

Нэг хаалга хаагдавч нөгөө хаалга байгааг сана

Шинэ он гарсаар ерөөс бичлэг хийгээгүй ажээ. Сараачих зүйл эс олдсон гэхээсээ илүүтэй санаа бодлоо цэгцлэх гэж л түүртэж явсан бололтой.


L'escalier au paradis   #objectiftoulouse #lavillerose #Toulouse #France

Photo by: Frank   
(|•Frank Photography•|) 
http://www.flickr.com/photos/frank_moon/ 
http://instagram.com/frank_moon


Амьдрал бол тэр чигээрээ сонголт гээд хаана ч юм хэлчихсэн байх. Цаад санаа нь бид сонголтынхоо үр дүнгээр л амьдардаг болж таарч байна. Зөв сонголт хийсэн нь аз жаргалтай амьдарч, буруу сонголт руу хальтарсан нь зовлонд унадаг байх нь. Гэтэл сонголтыг үргэлж 100 хувьтай буюу зөв, сайн хийх магадлал байхгүй билээ. Тэгэхээр жаргал амсах эсэх нь бидний сонголтоос хамааралтай бол сайхан амьдрал магадлалын онол ёсоор 50% байх болно. Эсрэгээр нь буруу сонголт ч бас аз жаргал дагуулж болно гэж би үздэг. Гагцхүү ганцхан нөхцөлтэй...

Хэрэв чи алдсан бол алдаагаа засч чаддаг гэхээсээ илүү алдаанаасаа суралцаж чаддаг байх, алдааныхаа өмнө хариуцлага хүлээж чаддаг байх нь үнэтэй. Энэ нь эргээд босох хүч, ахин унахгүй байх боломжыг гарт атгуулдаг. Яг энэ санаа нь буруу сонголт ч бас аз жаргалын түлхүүр болох тухайд огтлолцож буй хэрэг юм. Учир нь үзэж туулсан бүхэн чинь чиний багш болоод зогсохгүй, чамд буруугаас бултаж, зөвд тэмүүлэх луужин болох ёстой ажгуу. 

Алдахаас бүү ай! Харин алдаагаа давтахаас л машид эмээж явах хэрэгтэй гэж юутай үнэн үг вэ. Амьдралд гарч буй эрс өөрчлөлтүүдэд хөшүүн хойрог хандаж, айж болгоомжлохоосоо илүүтэй, ханцуй шамлан дайрч, шуудхан нүүр тулах зориг зүрхтэй байгаадаа баяртай байна. Учрал бүрийн ард би улам ухаалаг, хүчирхэг бие хүн болон төлөвшиж, нийгэмд нэг шат ахиагүй ч хувь хүнийхээ хувьд хоёр шат ахиж, хүмүүжиж боловсорч байгаа нь хамгийн том үнэ цэнэ гарцаагүй мөн. 

Тогтоол ус өмхийрдөг, тогшоогүй хаалга нээгддэггүй. Гацаж, гансарч, ганцаардаж суухаар ганц ч гэсэн хаалга тогшоод үзэх зүрхтэй бай! Андуурч тогшсон хаалга амьдралыг чинь өөрчлөх вий. Хаалга бүр хаагддаг бас нээгддэг гэдгийг үргэлж сана. 

Хааяа нэг нь хаагдахад өөр нэг нь чиний өмнө цэлийтэл нээгдэх буй..

1 comment:

Undecorated Life said...

Ммний дүү ёстой зөв зүйлийг сайхан бичжээ. "Нийгэмд нэг шат ахиагүй ч хувь хүнийхээ хувьд хоёр шат ахиж,..." Оргил өгүүлбэр нь байлаа миний хувьд. Бичээд байгаарай.